“Монголын Месси” клубынхаа шилдгээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2016.01.03-нд нийтлэгдсэн

“Монголын Месси” клубынхаа шилдгээр шалгарав

“Монголын Месси” клубынхаа оны шилдэг тоглогчоор анх удаа шалгарав

Монголын хөлбөмбөгийн өсвөрийн шилдэг клуб "ДМЮ"-ын шинэ жилийн цэнгүүн, өсвөрийн багийн 2015 оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 2016 оны эхний өдөр "Чингис" зочид буудлын "Тэмүүжин" ресторанд өргөн дэлгэр боллоо.

Энэ өдрийн гол баатар нь Амарсанаагийн Мөнх-Оргил байж, "ДМЮ" клубын тоглогч бүрийн мөрөөдөл болсон оны шилдэг тоглогчийн шагналыг хүртэв. Өдгөө 15 настай тэрбээр найман жилийн турш хөлбөмбөг тоглохдоо Монголд болдог өсвөрийн бараг бүхий л тэмцээнд түрүүлж, мэргэн бууч, шилдэг тоглогчийн шагналыг өөрийн болгож, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртэж, Унгарт улсад болсон хөлбөмбөгийн зуны сургалтад хамрагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх "Дуулиан-2020" тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор шалгарч, Монгол Улсад 2011, 2012 онд болсон дэлхий, Европын алдарт "Милан" клубын шалгаруулалтад тэнцэж, Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн ахлагчаар сонгогдон Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөж, БНСУ, БНХАУ болсон олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, “Монголын Месси” хэмээгдэх болсон билээ. Гэсэн ч "ДМЮ" клубын оны шилдэг тоглогчийн шагналыг хүртэж чадахгүй байв. Харин 2015 онд үнэхээр гайхалтай байж чадсанаар оны шилдэг тоглогчийн төлөөх шалгаруулалтаас авч болох нийт онооны 74.4 хувийг цуглуулсан юм. А.Мөнх-Оргил өнгөрсөн онд 15 хүртэлх насны ангилалд МХБХ-ны футзалын УАШТ-ээс алтан медаль, шилдэг тоглогчийн шагнал, МХБХ-ны талбайн УАШТ-ээс алтан медаль, шилдэг довтлогчийн шагнал, МХБХ-ны "Тэнгис лиг"-ээс алтан медаль, шилдэг довтлогчийн шагнал, Монголын хүүхдийн спортын V их наадмаас мөнгөн медаль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болсон хоёр орны шилдэг багуудын тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ. "ДМЮ" клубын ерөнхийлөгч, МХБХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батзаяа 2015 оны шилдэг тоглогчид шагнал гардуулах үеэрээ ээлжит сюрпризээ барьж, ирэх хавар БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод болох цугларалтад хамрагдах зардлыг нь 100 хувь даахаа амалсан юм. "ДМЮ" клуб өсвөрийн багийн оны шилдгүүдээ ес дэх жилдээ дараалан тодруулсан бөгөөд энэ жилийн шагналуудыг 2000 оныхон хамав.

Тодруулбал, 2015 оны шилдэг хаалгачаар Г.Мөнх-Оргил (Хоёр дахь удаагаа), хамгаалагчаар С.Жамбалбавуу (Анх удаа), хагас хамгаалагчаар Т.Анхбаяр (Хоёр дахь удаагаа), довтлогчоор А.Мөнх-Оргил (Гурав дахь удаагаа) нар тодорлоо.

Д.ЖАВХЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж