Путин дахин 10 гаруй жил Оросыг удирдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

Путин дахин 10 гаруй жил Оросыг удирдах уу?

Путин дахин 10 гаруй жил Оросыг удирдах уу?

Владимир Путин ОХУ-ыг удирдсаны 20 жилийн ой өнгөрсөн онд тохиож олны анхаарлыг татсан. Өдгөө 67 настай Владимир Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах бөгөөд улс төрийн хүрээнд түүний залгамжлагчийг тодруулах яриа чих дэлсэх болсон юм. Гэвч Владимир Путин Оросын улстөрчдөд хандан түүний залгамжлагчийг тодруулах гэж хичээхийн оронд хариуцсан ажилдаа анхаарахыг сануулжээ. Россия-1 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн юм. Владимир Путины санаачилсан ОХУ-ын Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу тэрбээр 2036 оныг хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой болох гэнэ.

ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 25-аас ирэх долдугаар сарын 1-ний хооронд явуулахаар товложээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Владимир Путины өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тэглэх аж. Ингэснээр тэрбээр ирэх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болно. Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар Владимир Путин зургаан жилийн хугацаатай улиран ажиллах аж. Гэхдээ Оросын ард түмний олонх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих болов уу? Левада судалгааны байгууллагын явуулсан урьдчилсан санал асуулгаар оролцогчдын 45 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихээ илэрхийлсэн бол 20 гаруй хувь нь шийдээгүй байна гэжээ.  Сөрөг хүчний зүгээс бүх нийтийн санал асуулгыг эсэргүүцэн Владимир Путиныг Үндсэн хуулийн аргаар төрийн эрхийг эзлэхийг санаархаж буйд буруутгажээ. Харин Кремлийн зүгээс тайлбарлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь парламентын үүрэг ролийг бэхжүүлэх, төрийн бодлого, нийгмийн захиргааг сайжруулахад зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарлажээ.

Кремль нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард олонд сурталчлан таниулах зорилгоор олон тэрбум рублийг зарцуулж байна. Үүний нэг жишээ нь, Москва хотын захиргаанаас ирэх энэ долоо хоногт эхлэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгад оролцсон оршин суугчдад бэлгийн батламж олгохоо зарлажээ. Энэ нь худалдаа үйлчилгээ, автомашины зогсоол, бараа худалдан авах эрх бүхий хоёр сая рублийн бэлгийн батламж аж. Москва хотын албаныхан бэлгийн батламжийг тайлбарлахдаа коронавирусийн халдварын үед худалдан авалтыг дэмжих зорилготой хэмээжээ. Үүний зэрэгцээ ОХУ нь коронавирусийн халдварын нийт тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа ч бүх нийтийн санал асуулгатай холбоотойгоор карантин арга хэмжээнийхээ олонхыг цуцлаад байна.

Владимир Путиныг улс төрд хөтөлсөн хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин. Тэрбээр улс төрийн туршлага бага, олны нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй, тухайн үед Холбооны аюулгүй байдлын газрын даргаар ажиллаж байсан Владимир Путиныг Ерөнхий сайдаар томилсноор Путины эрин үе эхэлжээ. Тэр цагаас хойш бүхэл бүтэн 20 жилийн дараа ч энэ улсыг нөгөөх л Путин удирдсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж