“Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд гарцаараа гарч явсан явган зорчигчдод зам тавьж өгөөгүй дүрэм зөрчсөн 2649 жолоочид шийтгэл оногдуулсан байна.
Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоног буюу зургадугаар сарын 8-21-нийг хүртэл явганы хүний гарц дээр явган зорчигчдод зам тавьж өгөөгүй 2649 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар тус тус шийтгэл оногдуулсан байна. Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Иймд явган зорчигч та явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч жолооч явган хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ