“Төв аймагт дэд станц үерт өртөж, 400 өрх цахилгаангүй болсон”

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

“Төв аймагт дэд станц үерт өртөж, 400 өрх цахилгаангүй болсон”

“Төв аймагт дэд станц үерт өртөж, 400 өрх цахилгаангүй болсон”

Онцгой байдлын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран өнөөдөр /2020.06.22/ амралтын өдрүүдэд болж өнгөрсөн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.


 “Үерийн улмаас 6.067 мал хорогдсон

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Л.Тамир:

– Өнгөрөгч амралтын өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас орон нутагт багагүй хохирол учирлаа. Энэ оны зургадугаар сарын 21-нд Төв болон Говьсүмбэр аймгийн нутгаар усархаг аадар бороо орсон. Тус аймгийн Зуунмод суманд 51 мм, Баян суманд 19 мм, Алтанбулаг суманд 16 мм хур тунадас орж гамшигт үзэгдэл болоод байна. Үүний улмаас дээрх хоёр аймгийн нутагт 6.067 мал хорогдож, 409 өрх, 53 хашаа, 10 орчим авто машин үерт өртсөн гэх дуудлага мэдээллийн дагуу, Онцгой байдлын алба ажилласан.

Дээрх дуудлага мэдээллээр Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 81 алба хаагч, 20 техник, орон нутгаас 32 хүн, зургаан техниктэй ажиллаж, 30 иргэний амь насыг үерийн уснаас аварлаа. Харамсалтай нь, Төв аймгийн Сэргэлэн суманд хоёр иргэн малаа хариулж байгаад үерийн улмаас амь насаа алдсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, гурван ажлын хэсэг байгуулан, хор хохирлыг арилгахаар ажиллаж байна. Төв аймагт гурван дэд станц үерийн усанд автаж, 400 өрх цахилгаангүй болжээ. Одоогийн байдлаар хоёр дэд станцыг засварласан бол нэг дэд станцыг засварлаж байна.

“Маргааш орой гэхэд төмөр замын үйл ажиллагааг сэргээнэ”

ЗТХЯ-ны Хөгжлийн газрын дарга М.Энхболд:

-Аадар борооны улмаас авто зам, төмөр зам нэлээд эвдэрсэн. Тодруулбал, Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Чойрын чиглэл, Улаанбаатар—Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Бид шуурхай арга хэмжээг авч, замыг түр хугацаагаар хаасан. Хэдий зам хааж, төмөр замыг түр зогсоосон ч төмөр замын нийт ажилчид шөнөжингөө ажиллаж, дээрх чиглэлийн авто замыг хугацаанаас нь өмнө нээлээ.

Тэр дундаа ашиглалтад ороод удаагүй байсан “Хөшигийн хөндий” олон улсын нисэх буудлын авто замын далан нурж, эвдэрч гэмтсэн. Мөн Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам эвдэрсэн. Ажлын хэсэг гарч, замын гэмтлийг тодорхойлж, техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийт 2.8 км төмөр замын зургаан хэсэгт эвдрэл гэмтэл гарсан. Эдгээр хэсэгт 461 хүн, 50 гаруй техниктэй ажиллаж байна. Маргааш орой гэхэд төмөр замын үйл ажиллагааг сэргээнэ гэж төлөвлөж байна. Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжөөд 80 гаруй жил болж, насжилт ихтэй болсон. Зайлшгүй хөрөнгө оруулалт хийж, шинэчлэх шаардлагатай байна.

“Энэ долоо хоногт аадар бороо орох төлөвтэй”

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал:

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ихэнх нутгаар +39 хэм хүрч халсан. Үүний дараагаар усархаг аадар бороо орох нөхцөл бүрддэг. Тиймээс бид энэ сарын 19-нөөс эхлэн сэрэмжлүүлэг мэдээг гаргасан. Энэ нөхцөл өнөө маргааштаа үргэлжилнэ. Өнөө шөнөдөө төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжлүүлж байна. Энэ долоо хоногт хур бороо орох төлөвтэй. Өнөөдрийн хувьд баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 23-нд баруун аймгуудын зүүн, төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар, 24-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 25, 28-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно. Уулархаг газруудаар цас орно. Салхины хувьд нөөлөг салхи гэдэг нь монголчуудын хэлдгээр борооны өмнө шороо гэж нэрлэдэг. Энэ үзэгдэл аадар борооны өмнө хүчтэй ажиглагддаг. Булган, Төв, Дундговь аймагт энэ үзэгдэл ажиглагдаж, шороон хана боссон. Энэ сарын 23, 24-нд салхи секундэд 13-20 метр секунд хүрч ширүүснэ. Энэ сарын 24-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.

ААДАР БОРООНЫ УЛМААС ГУРВАН ХҮН ЭНДЭЖ, ТӨМӨР ЗАМ ЭВДЭРЧЭЭ

Дорноговь, Төв, Говьсүмбэр аймагт өчигдөр /2020.06.21/ хүчтэй аадар бороо орсны улмаас насанд хүрсэн хоёр хүн, нэг хүүхдийн амь нас эрсдэж, орон нутгийн авто зам эвдэрчээ.

Төв аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч Г.Ганхөлөгөөс энэ талаар тодруулахад “Төв аймгийн Зуунмод суманд өчигдөр /2020.06.21/ 13.30-14.30 цагийн орчимд хүчтэй аадар бороо орсон. Үүний улмаас 50 орчим айлын гэр, хашаа өртсөн. Мөн аймгийн Баян, Баянцагаан, Алтанбулаг, Цээл, Сэргэлэн сумдад бага хэмжээний хохирол амссан. Мөн хоёр насанд хүрсэн хүн, нэг хүүхэд үерийн усанд эндсэн мэдээг хүлээн авлаа. Өнөөдөр, маргааш дахин хур бороо орох төлөвтэй байгаа учраас Онцгой байдлын алба хаагчид бэлэн байдалд ажиллаж байна. Ер нь нийт ард иргэддээ сэрэмжлүүлэг болох үүднээс үерийн далан, шуудуу, болон үерийн аман дээр буухгүй байх, ард иргэдийг бага насны хүүхдийг мал хариулахаар явуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын гаргасан зөвлөмж шийдвэрийг дагаж мөрдөх, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг тогтмол авч байхыг сэрэмжлүүлж байна” гэв.

ГОВЬСҮМБЭРДУНДГОВЬХЭНТИЙ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААЛАА

Мөн Улаанбаатар хотоос ГовьсүмбэрДундговьХэнтий чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хаалаа. Тодруулбал, Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг шөнийн 00.00 цагаас 15.00 цаг хүртэл түр хааж, аадар борооны улмаас эвдэрч гэмтэл учирсан авто зам, замын байгууламжид засварцэвэрлэгээ хийхээр ажиллаж байна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

СЭРГЭЭН БОСГОХ АЖИЛД 470 ОРЧИМ ХҮН ДАЙЧЛАГДЖЭЭ

Зургадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн.

Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн гүүр орчимд үерийн ус ихээр орж ирж тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн төмөр замын 554-585 дахь км-т 8 хэсэг газарт нийт 2.5 км төмөр замын далан үерийн усанд сэтэрч, эвдэрчээ.

Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Чойр болон Наран-элгэн өртөөний замчид болон холбогдох байгууллагын 470 орчим хүн оролцож байгаа аж.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ИРҮҮЛСЭН ХОНОГИЙН МЭДЭЭЛЭЛ

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн Жаргалантын булаг гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ Төв аймгийн нутгаар зургадугаар сарын 21-ний өдрийн 13.20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн У /13 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг 06.18-ны өдрийн 13.50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

 Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Довын хайрхан, Ширээгийн булаг, Баян сумын  Их-Элгэн гэдэг газар Төв аймгийн нутгаар зургадугаар сарын 21-ний өдөр усархаг аадар бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, дөрвөн бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог мал үерт өртөж хорогдсон. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Төв аймгийн Зуунмод сум зургадугаар сарын 21-ний өдрийн 13.20 цагаас эхлэн усархаг аадар бороо орсны улмаас Зуунмод суманд 181 айлын гэр,  дөрвөн орон сууцны барилгын зоорийн давхар усанд автаж, зургаан гэр урсаж, 53 хашаа нурсан.

Алтанбулаг суманд 200 өрх айл усад автаж 30 хашаа нурж 10 гэр урссан тухай 22 дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, долоон хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, дөрвөн орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж,  57 автомашин уснаас татан гаргасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид долоон хүүхэд, 17 том хүнийг үерийн уснаас эсэн мэнд аварч, дөрвөн орон сууцны барилгын зоорийн давхарын усыг соруулж,  57 автомашин уснаас татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн Тэрвий гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 77 км-т/ Төв аймгийн нутгаар зургадугаар сарын 21-ний өдрийн 13.20 цагаас эхлэн усархаг бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат иргэн С /23 настай, эрэгтэй/ үерийн усанд осолдож нас барсан тухай дуудлагыг өдрийн 18.00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн Ёлгор, Өгөөмөр ууланд болсон уруйн үерийн улмаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  иргэн С.Ариунболдын дөрвөн ханатай гэр, 1000 орчим бог мал, бага оврын ачааны автомашин, мөн багийн Банзарын хоолой гэдэг газар иргэн Д-ийн зургаан ханатай гэр, хоёр мотоцикл, мөн багийн Баянбулаг гэдэг газар иргэн Г-ийн таван  ханатай гэр урссан.

Говьсүмбэр аймгийн төвөөс хойд зүгт 75 км-т “Ланд крузейр” загварын суудлын автомашинтай БНХАУ-ын харьяат хоёр иргэн усанд суусан, Малх багийн  Банзарын хоолой гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин усанд суусан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ажирхай багийн Ихэрийн -Ухаа гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 26 км-т/ тус сумын нутгаар зургадугаар сарын 20-ны өдрийн 23.00 цагт салхины хурд 24 м/с хүрсний улмаас тус багийн харьяат малчны дөрвөн ханатай гэр тус тус нурсан.  Мэдээллийг тус сумын Засаг дарга  Ө.Мөнх-Амаглан өдрийн 09.55 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

 

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж