“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй”

Хуучирсан мэдээ: 2020.06.22-нд нийтлэгдсэн

“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй”

“The Hu” хамтлаг тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй”

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй “The Hu” хамтлагийн хандивын тоглолтын талаар ярилцлаа.


-Монголын “The Hu” хамтлаг зургадугаар сарын 23-ны өдөр МҮОНРТ-ээр болон цахимаар тоглолтоо хийхээр товлосон ч түр хугацаагаар хойшлоод байна. “Тус хамтлагийг улстөржлөө, сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр тоглолт хийх нь намын сурталчилгаа болно” гэж олон нийт шүүмжилсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний хувьд өөрийн байр сууриа цахим хуудсаараа хангалттай илэрхийлсэн. Би “The Hu” хамтлагтаа биш МҮОНРТ-д хандсан. Үндэсний олон нийтийн радио, телевизээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх өдөр ард иргэдийг ямарваа нэгэн зүйлд уриалан дуудсан, ятгасан контент гаргах ёсгүй. Тийм учраас иргэн хүнийхээ хувьд эсэргүүцсэн. Хэдийгээр “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсний дараагаар хандивын тоглолт хийж, цугларсан мөнгөө Улсын онцгой комисст өгнө гэдгээ мэдэгдсэн. Тэгсэн ч ард иргэдийг ятгаж байж хандивын мөнгө авна шүү дээ.

Тийм учраас сонгуулийн үеэр хандивын арга хэмжээ зохион байгуулах нь зохимжгүй гэдгээ л хэлсэн. Хамгийн гол нь энэ хандивын тоглолтын соёлын талын оролцогч нь “The Hu” хамтлаг байсанд маш их харамсч байна. Хамтлагийн залуус ард түмнийхээ саналыг сонсч, хандивын тоглолтоо түр хойшлуулахаар шийдсэнд маш их баярлаж байна. Та бүхэн улс төрийн тэнцвэртэй нөхцөл байдал үүсгэхэд өөрсдийн хувь нэмрээ орууллаа.

-Таныхаар МҮОНРТ-ын удирдлага хариуцлагагүй шийдвэр гаргасан гэж үү?

-“The Hu” хамтлагийнхан ямар нэгэн улс төрийн зорилго агуулсан гэж бодохгүй байна. Тэд сайхан сэтгэлээрээ Улсын онцгой комисст хандив өгөхийг хүссэн байх. Хамтлагийн залуус гадаад орнуудад олон сар явсан учраас Монголын улс төрийн нөхцөл байдлаа сайн мэдэхгүй шүү дээ. Ялангуяа сонгуулийн үеийн дүрэм журмаа мэдэхгүй байсан байж болно. Би хувьдаа МҮОНРТ-ийг маш хариуцлагагүй байна гэж буруутгасан.

Тус телевизийн захирал өчигдөр /2020.06.18/ цахим хуудсаараа надтай маш их маргалдсан. МҮОНРТ ард түмний татварын мөнгөөр санхүүждэг байгууллага. Ард түмний дөрвөн жилд нэг удаа сонголт хийх эрхийг маш сайн мэдэж байгаа шүү дээ. Тийм учраас хэзээ нь ард иргэдээ ятгаж, хэрхэн тайван амгалан байлгах вэ гэдгийг маш сайн мэдэж байгаа байгууллага.

-Зарим иргэд Үндэсний баяр наадмын өдрүүдэд төв талбай дээр тоглолтоо хийж, цахимаар шууд дамжуулах саналыг хэлж байна. Таны хувьд ямар санал хүсэлтийг дамжуулах вэ?

-Ард түмэн “The Hu” хамтлагтаа хайртай. Монголын нүүр царай болж дэлхийн олон орноор аялаад ирсэн хамтлагийнхан эх орондоо гоё тоглолт хийгээсэй гэж олон хүн хүсч буй. Би ч гэсэн тэдний тоглолтыг үзмээр байна. Гэхдээ сонгуулийн өмнөх өдөр л үзмээргүй байна. Та бүхэн сонгуулийн дараа тааламжтай цагтаа хаана ч тоглолтоо хийж болно шүү дээ.

Би сонгуулийн өмнөх өдөр буюу ганцхан өдрийн асуудал ярьсан. Бусад асуудлыг эсэргүүцэж, маргаагүй. Монголчууд маань хэчнээн онгоц дамжаад, эх орондоо ирж л байвал сайн. “The Hu” хамтлагийнхан энэ удаа Монголдоо шинэ цомгоо гаргаж, тэсрэлт хийсэн тоглолт хийгээсэй гэж хүсч байна.

-“The Hu” хамтлагийнхантай холбогдож байв уу?

-Би хэзээ ч хамтлагийнхантай холбогдож байгаагүй ээ. Тэднийг холоос хараад л дэмжээд явдаг хүн.

-Хамтлагийн залуусыг Австрали улсаас тусгай үүргийн онгоцоор оочер дайран ирсэн ч одоо намын сурталчилгаа хийн хариу барьж байна гэж шүүмжлээд амжсан. Цаашдаа олон улсын гэрээ байгуулахдаа юун дээр анхаармаар санагдсан бэ?

-Бидэнд авьяас, байгалийн баялаг бол байна. Одоо уул уурхай ч бай, урлаг дээрээ гэрээ хийхдээ онц анхаарахгүй бол болохгүй болжээ гэж бодогдсон.

“The Hu” хамтлагийнхан дэлхий даяар цар тахал дэгдэж, хөл хорио тогтооно гэж бодоогүй. Тиймээс гэнэтийн нөхцөл байдал гарахад хамтлагийнхныг хэн гэрт нь хүргэж өгөх юм бэ гэдгийг гэрээн дээрээ сайн тусгах хэрэгтэй. Гэрээн дээр нь тэгж заагаагүй байсан болж таарч байна. Бид хаана ч, хэнтэй ч гэрээ хийхдээ эрүүл саруул эх орондоо иртэл нь гэрээ  хийх ёстой юм байна. Би бол “The Hu” хамтлагийг дэлхийд гаргаж өгсөн Б.Дашдондогт талархаж явдаг. Харин дэлхийд гарсны дараа дэлхий ямар харгис  юм бэ гэдгийг харлаа. Мөнгийг хуу хамж авчихаад гэрт нь харих онгоцгүй үлдээдэг гэрээ хийдэг юм байна. Цаашид ийм авьяастнууд дэлхийн зах зээлд олон гарах байх. Гэрээн дээрээ л анхаарах ёстой. Эхний шанг татсан хүмүүс хохирч, алдар нэртэйгээ хамт хатуу хүтүүг нь амсдаг юм байна. Цаашдаа дараагийн цомгийнхоо ажлын гэрээг  хийхдээ энэ бүхнийг сайтар тусгаарай л гэж зөвлөх байна даа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж