Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав

Хуучирсан мэдээ: 2020.06.21-нд нийтлэгдсэн

Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав

Тойм: Хуулийг гажуудуулж, өрсөлдөгчөө торны цаана суулгадаг тактикаа давтав

"Ньюс" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын тоймыг хүргэж байна.

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа маргааш дуусч, санал хураалт эхлэхэд хоёрхон хоног үлдээд байна. Түүнээс өмнө эрх мэдэлтнүүд өрсөлдөгчдөө хорьж саатуулан, ардчиллын үнэт зарчмуудыг гажуудуулан, Үндсэн хуулиар олгогдсон, иргэний сонгох, сонгогдох эрхэнд маш бүдүүлгээр халддаг тактикаа дахин давтлаа.

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулахдаа хэд хэдэн хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөнийг өмгөөлөгч нар нь мэдээлж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Өнгөрсөн Лхагва гариг (2020.06.17)-т шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өнгөрсөн. Шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Базаррагчаа Дорноговь аймагт сонгуулийн ажилтай гэх шалтгаанаар хуралдаанд ирээгүй. Мөн хэргийн оролцогч нар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, шүүх хурлыг зургадугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшлуулав.

Эрх мэдэлтнүүд хуулийг гажуудуулж, албан ёсоор нэр дэвшиж буй нэр дэвшигчдийг хорьж өрсөлдөх шинэ тактикаа энэ долоо хоногт дахин давтсан юм. Тодруулбал, барьцаа хөрөнгө байршуулаагүй гэсэн шалтгаанаар, сонгогдох эрхийнхээ хүрээнд сурталчилгаагаа явуулж байсан нэр дэвшигч Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг цагдан хорьсныг иргэд буруушааж, тэднийг суллахыг шаардсаар байна.

Хэргийн тухайд өгүүлэхэд, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Баяр, С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхлэх байсан шүүх хурал 10:30 цагийн үед эхэлж, улмаар зургадугаар 22-нийг хүртэл хойшилсон. Учир нь дүгнэлт гаргасан хоёр шинжээчийг зайлшгүй оролцуулах хүсэлтэй байгаагаа долоон шүүгдэгчийн 13 өмгөөлөгч гаргасантай холбоотой юм.

Өмнө нь буюу зургадугаар сарын 15-нд болсон шүүх хуралдаанаас С.Баярт 5 тэрбум, С.Баярцогтод 10 тэрбум, Да.Ганболдод 10 тэрбум, Б.Бямбасайхан 2 тэрбум төгрөгийг барьцаанд байршуулах шийдвэр гаргасан билээ.

Өнгөрч буй долоо хоногийн бас нэг онцлох үйл явдал нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болсон, Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан байв.

Шүүх “Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна” гэж үзсэн. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах болон Монгол Улсын аварга цолыг нь хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна” гэж дүгнэснээ танилцуулсан юм.

Дэлхийг айдас хүйдэст автуулсан цар тахлын аюулаас сэргийлж, Засгийн газар, Улсын онцгой комисс гадаадад буй иргэдээ татан авах ажлаа амжилттай үргэлжлүүлсээр байна. Энэ долоо хоногт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэгээр Зүүн өмнөд Азийн найман орноос 265 иргэн эх орондоо ирэв. Түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй 4, оюутан 17, өндөр настан 15, эрүүл мэндийн шалтгаантай 26, бага насны хүүхэдтэй гэр бүл 102 болон гурван жирэмсэн эмэгтэй багтсан бол хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байв. Иргэдийг ХӨСҮТ, госпиталь болон “Тоёоко Инн” зочид буудалд 21 хоног тусгаарлаад байгаа билээ.

АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 250 гаруй иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр Улаанбаатараас хөөрсөн бөгөөд сонгуулийн санал хураалтын өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах юм.

Өнөөдөр (2020.06.21)-ийн байдлаар Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 206 болж, түүнээс 139 хүнийг эмчилсэн бөгөөд 67 хүн хяналтад байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж