Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Сүүлийн өдрүүдэд ОХУ-д халдвар ихээр бүртгэгдэж байна. Тухайлбал, ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 7889 халдвар бүртгэгдсэн. Ялангуяа Тува, Буриад, Читад халдартай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна.
Өчигдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэгээр нийт 526 хүн ирсэн. Үүнээс ХӨСҮТ-д ес, цэргийн төв эмнэлэгт архаг хууч өвчтэй 15 хүнийг тусгаарласнаас есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна. Үлдсэн хүмүүсийг зочид буудал болон амралт сувиллын газар тусгаарласан. Тусгаарлах байранд 1-5 насны 109 хүүхэд, жирэмсэн 48 хүн, архаг хууч өвчтэй 246 иргэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Шинээр хоёр хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай орос жолоочоос болон Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 80 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн. Сайхан мэдээ дуулгахад өнөөдөр долоон хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч дараагийн шат руу шилжлээ. Тэд 20-37 хоног эмчлэгдсэн. Нийт батлагдсан тохиолдол 206, үүнээс 139 хүнийг эмчилсэн бөгөөд 67 хүн хяналтад байна.
Э.БУРАМ
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Saturday, June 20, 2020
Холбоотой мэдээ