Нурангид дарагдсан иргэдийн нэгээс бусдын амийг аврав

Хуучирсан мэдээ: 2016.01.01-нд нийтлэгдсэн

Нурангид дарагдсан иргэдийн нэгээс бусдын амийг аврав

Налайх дүүргийн нутагт  бичил уурхай нурж, хүмүүс дарагдсан хэрэг шинэ оны өмнөхөн гарчээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Сүмбэр худаг” ХХК-ийн эдэлбэр газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Х-ийн бичил уурхай нуралт үүсч, дөрвөн иргэн нурангид дарагдсан байна. Иргэдийг нурангин дороос аврахын тулд ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн бүлэг эрэн, хайх ажлыг зохион байгуулжээ. Газрын гүнээс 60 метрийн гүнд нуралт үүссэн байсан бөгөөд газрын гүнд ажиллаж байсан дөрвөн хүнээс нэгийнх нь байрлал тодорхойгүй аврахад хүндрэл учирч байжээ.

Эрэн, хайх ажлын явцад хүчилтөрөгч 19 хувь, бусад хий хэвийн, уулын малталт давчуу,  ажлын мөргөцөг нурсан, дахин нуралт үүсэх аюултай байжээ. Аврагчид 24 метр.куб уулын цулыг зөөвөрлөж, рам, бэхэлгээ тавьж,  аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.  Аврах ажиллагаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд нуралтад хөл нь дарагдсан иргэн Б /26 настай, эрэгтэй/-г шөнийн 01:15 цагт гарган авсан бол бүсэлхийнээс доод хэсэг нь дарагдсан байсан иргэн Н /37 настай, эрэгтэй/-г  02:35 цагт, битүү дарагдсан байсан иргэн М /23 настай, эрэгтэй/-г өглөөний 06:34 цагт уурхайн гүнээс эсэн мэнд гаргаж эмнэлэгт хүргэжээ. Харин байрлал нь тодорхойгүй байсан иргэн  Б /22 настай, эрэгтэй/-н амийг аварч амжаагүй байна. Талийгаачийн цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Аврах ажиллагаанд уул уурхайн аврах ангийн 34 албан хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Уг осол хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, иргэдийн санамсар болгоомжгүйгээс шалтгаалан гарсан байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж