ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн II дайны тухай нийтлэл бичсэн нь зургадугаар сарын 18-ны Пүрэв гаригт Америкийн улс төрийн “National Interest” сэтгүүлд хэвлэгджээ. Тэрбээр өгүүлэл бичихээр төлөвлөж буй тухайгаа 2019 оны 12 дугаар сард хийсэн хэвлэлийн хурал дээр ярьж байв.
“National Interest” сэтгүүлийн редакци “ОХУ-ын Ерөнхийлөгч өдгөө Европын улстөрчид тэр дундаа Польшийн удирдагчид “Мюнхений хуйвалдааны баримтыг гуйвуулахыг оролдож” байгаатай холбогдуулан Дэлхийн хоёрдугаар дайны талаарх цогц дүгнэлтийг санал болгож байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
“Дэлхийн хоёрдугаар дайны 75 жилийн ойн бодит сургамж” (The Real Lessons of the 75th Anniversary of World War II) гарчигтай тус нийтлэлдээ Оросын удирдагч XX зууны хамгийн их цуст мөргөлдөөний шалтгаан, үр дүнгийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж, мөн тавдугаар сарын 9-ний өдөр Оросын хувьд хамгийн том баяр юм хэмээн бичжээ.
Путин нийтлэлдээ Дэлхийн II дайн түүний гэр бүлийн хувьд маш гашуун дурсамж үлдээснийг тэмдэглэсэн байна. Тэрбээр Ленинградын бүслэлтийн аймшигт өдрүүдийг дурсаад, хоёр настай Витя дүү нь нас барж, ээж нь золоор амьд үлдэж чадсан тухай өгүүлжээ. Аавынх нь хувьд Зөвлөлтийн сая сая иргэнтэй адил төрсөн нутгаа сайн дураараа хамгаалах шийдвэр гаргасан бөгөөд Невский Пятачок гүүрэн дээр тулалдаж, хүнд шархадсан байна.
Путины өгүүлэл “Российская газета” сонины зургадугаар сарын 19-ний дугаарт нийтлэгдсэн байна. Оросын Төрийн тэргүүн эмгэнэлт явдал дахин бүү давтагдаасай гэж хүсэн, өнгөрсөн болон ирээдүйн өмнө хүлээж буй хариуцлагаас үүдэн уг өгүүллийг бичих болсноо тайлбарлажээ. Тэрбээр Дэлхийн II дайны түүх болон дайн гарсан шалтгааны талаар бичсэн байна.
Путин нийтлэлдээ 2019 онд Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөлийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцогчид Зөвлөлтийн ард түмэн нацистуудыг ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэгт санал нэгдсэн бөгөөд ЗСБНХУ-ын бүх бүгд найрамдах улс мөр зэрэгцэн тулалдаж байсан юм гэжээ.
Оросын Төрийн тэргүүн “Зарим улстөрч сурсан зангаараа Орос улс түүхийг дахин бичихээр санаархаж байна” хэмээн яаран мэдэгдсэн ч тэд нэг ч баримт, нэг ч шалтгааныг няцааж чадаагүй. Дашрамд дурдахад, Оросын төдийгүй гадаадын архиваас олж болох жинхэнэ баримт бичгүүдтэй маргах боломжгүй юм” хэмээн бичсэн байна.
Путин Дэлхийн II дайн дэгдсэн шалтгаан нь Дэлхийн I дайны дараа гаргасан шийдвэрүүдтэй холбоотой. Үндэсний хувьд үлдсэн доромжлол нь Германд өшөө авах радикал санаа бодлын шимт хөрс болсон” хэмээжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч “Чехословакийг хуваасан нь харгис хэрцгий, ичгүүргүй явдал байв. Өнөөдөр Европын улстөрчид, ялангуяа Польшийн удирдагчид Мюнхений урвалтыг нуун дарагдуулахыг хүсч байна. Яагаад тэр вэ? Тэдний улс орнууд хүлээсэн үүргээ зөрчиж, Мюнхений урвалтыг дэмжиж, зарим нь авсан зүйлийг хуваалцахад ч оролцож байсныг гэрчлэх баримт нь цорын ганц шалтгаан биш ээ. 1938 оны тэр эмгэнэлт өдрүүдэд Зөвлөлт Холбоот Улс Чехословакийг хамгаалан боссон цорын ганц орон байсан нь өөр нэг шалтгаан юм” гэжээ.
Путин Англи, Франц хоёр өөрсдийн өгсөн баталгаанаас татгалзаж, Чехословакийг гаргуунд нь хаясан юм. Тэд Герман, Зөвлөлт Холбоот Улс хоёрыг заавал мөргөлдүүлж, бие биеийг нь тамирдуулахын тулд нацистуудын анхаарлыг дорно зүг хандуулахыг санаархаж байв. Гуравдугаар Рейхийн талаар төдийгүй Коминтернийн эсрэг гэрээ гэгчид оролцогч бусад орон фашист Итали, милитарист Японы талаар баримталж байсан өрнөдийн илбэн тохинуулах бодлогын мөн чанар ийм байсан билээ” гэж бичсэн байна.
Оросын удирдагч дайн эхлүүлсний хариуцлагыг дэлхийн бүх тэргүүлэх улсууд ямар нэг байдлаар хүлээх ёстой гэж үзэж байгаа бөгөөд “Дайн эхэлсэн түүхийг эрдэмтэд судлах ёстой. Миний бие хэн нэгнийг цагаатгах юм уу, буруутган шүүхгүй” гэж тэмдэглэжээ.
Тэрбээр өнгөрсөн үеийг атгаг санаагүйгээр харж, өмнө нь гаргасан алдааг давтахгүйн тулд нээлттэй яриа хэлцээ хийхийг бусад оронд уриалсан байна. Дэлхийн дайны гол урвагчид нь Францын маршал Филипп Петен, Зөвлөлтийн цэргийн жанжин Андрей Власов, Украины үндсэрхэг үзэлтнүүдийн толгойлогч Степан Бандера, Норвегийн Видкун Квислинг нар. Тэд бүгдээрээ дайсантай хамсаатан байсан. Тэднийг дагагчид болон гар хөл бологсод нь тусгаар тогтнолын төлөө юм уу, коммунизмаас чөлөөлөгдөхийн төлөө тэмцэгч гэдгээр халхавчилсан урвагчид, алуурчид юм” гэж хэмээн тэмдэглэсэн байна.
Путин “Тэд Бабый Ярын цаазлалт, Волынскийн яргалал, Хатынийн хэрэг явдал, Латви, Литвад еврейчүүдийг устгаж байсан зэрэг цуст хэрэг явдлын буруутан” гэдэгт итгэлтэй байдаг аж. Нацистын Германыг бут ниргэхэд Зөвлөлт Холбоот Улсын гүйцэтгэсэн үүргийн тухайд өгүүлэхдээ “Ялалтад чухам Зөвлөлт Холбоот Улс хамгийн их хувь нэмэр оруулсан бөгөөд Орос улс түүхэн үнэнийг хойшид ч хамгаалах болно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Мөн ийм байр суурь нь зарим улс орон Дэлхийн II дайны тухай үнэнийг тогтоохоор Орос оронтой хамт тэмцэхэд бэлэн биш байгаа одоо үед онцгой тулгамдсан шинжтэй юм гэжээ.
Владимир Путин АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельтийн үгийг Дэлхийн II дайны тухай “аугаа их үнэн” гэж тодорхойлсон байна. Тэрбээр “Тэр 1942 оны дөрөвдүгээр сарын 28-нд улс үндэстэндээ хандаж хэлэхдээ, Зөвлөлтийн хүчин “Нэгдсэн үндэстний тунхаглалд оролцогч бусад бүх орноос илүү олон дайсны зэвсэглэсэн арми, тэдгээрийн цэрэг, нисэх онгоц, танк, зэвсгийг устгалаа хэмээн мэдэгдсэн юм” гэж бичсэн байна.
Тэрбээр тухайн үеийн Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль 1944 оны есдүгээр сарын 27-нд Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинд илгээсэн захидалдаа “Улаан арми Германы цэргийн машины гэдэс дотрыг гаргаж хаялаа” гэж бичсэнийг дурджээ.
Аугаа их эх орны дайнд ЗСБНХУ бараг 27 сая хүнээ алдсан байна. Энэ тухайд Оросын ерөнхийлөгч
“Аугаа их эх орны дайнд амь үрэгдсэн бүх хүний нэрийг тогтоох ёстой. Дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэн фронт болон ар талд боломжгүй бүхнийг хийж бүтээсэн юм” хэмээн бичсэн байна. ЗСБНХУ-ын бүх үндэстэн ястан Дэлхийн II дайны үед эв нэгдэлтэйгээ илтгэн харуулж, нацистууд ч үүнийг бусниулж чадаагүйг тэмдэглэжээ.
Тэрбээр "Орос, Хятад, Франц, АНУ, Их Британийн дээд хэмжээний уулзалт хийх нь орчин үеийн сорилтод өгөх хариултыг эрж хайхад чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Уулзалтаар хэлэлцэх асуудлууд дэлхий нийтийн хувьд чухал бөгөөд тулгамдсан шинжтэй юм” хэмээн бичсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч бүр 2019 оны сүүлчээр 1939-1945 оны хооронд үргэлжилсэн цэргийн мөргөлдөөн эхэлсний хариуцлагыг ЗХУ фашист Германтай адил тэнцүү хүлээх ёстой гэж Өрнөдийнхөн буруутгаж байхад үед ч ийм нийтлэл бичихийг хүсэж байжээ.
Путин “Түүхийн сургамжийг мартах нь эцэстээ зугтах аргагүй өр төлөөс болж хувирдаг. Бид түүхэн баримтуудад тулгуурлан үнэнийг тууштай хамгаалахын зэрэгцээ Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын тухай үнэнийг ярьсаар байх болно” гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн улс орнуудад хандан өөрсдийн архивыг ил болгох, дайны болон дайны өмнөх үеийн тухай урьд өмнө мэдэгдээгүй баримт бичгүүдийг нийтлэх үйл явцыг түргэтгэхийг уриалаад, ОХУ сүүлийн жилүүдэд үүнийг хийж байгааг дурдсан байна. Путин "Бид өргөн хүрээнд хамтран ажиллаж, түүхч-эрдэмтэдтэй хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэж бичжээ.
Эх сурвалж: THE NATIONAL INTEREST, РОССИЙСКАЯ ГАЗЕТА
Холбоотой мэдээ