400 эмч, мэргэжилтэн орон сууцны батламжаа авна

Хуучирсан мэдээ: 2020.06.21-нд нийтлэгдсэн

400 эмч, мэргэжилтэн орон сууцны батламжаа авна

400 эмч, мэргэжилтэн орон сууцны батламжаа авна

Монгол Улсын Засгийн газар тавдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаараа эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах тухай тогтоол баталсан. Ингэснээр коронавирусийн халдварын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахдаа дараах хэд хэдэн шалгуурыг баримталж буй. Үүнд:

  • Байр авах албан хаагчдыг хамт олон нь тодорхойлж гаргах, тогтмол орлоготой, орлогынхоо 40 хувиас хэтрүүлэхгүйгээр төлбөр хийхээр тооцож, орон сууцаа захиалах,
  • НОСК-аас гаргасан онлайн үзэсгэлэн худалдаанд тавигдсан байруудаас сонгох,
  • Сонгосон байраа НОСК-той гэрээ байгуулж, 15 хүртэлх жилээр түрээсэлж, улмаар өмчилж авах,
  • Урьдчилгаа төлбөр шаардахгүй бөгөөд иргэн хүсвэл урьдчилгаагаа өгч, үлдсэн төлбөрөө зургаан хувийн хүүтэйгээр эхний жилүүдэд үндсэн төлбөрөөсөө хасалт хийлгэх хэлбэрээр сар бүр төлөх боломж олгож байгаа юм. 

Нэн тэргүүнд цагдаа, хил хамгаалахын ажилтан, гаалийн байцаагч нар, цэвэрлэх байгууламжийн ажилчид, эмч, эмнэлгийн ажилчдыг хамруулахаар тооцоолж буй. Энэ хүрээнд зургадугаар сарын 9-ний өдөр Шадар сайд ХӨСҮТ-ийн арван ажилтанд орон сууцны батламжийг нь гардуулан өгсөн.

Түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцны эхний ээлжид орох дараагийн 400 эмч мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан ирэх долоо хоногт орон сууцныхаа батламжийг гардан авахад бэлэн болжээ.

Цар тахлын үед онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн  хүрээнд галын шугамд ажиллаж байгаа 1300-1500 хүн орон байраар хангагдах юм. НОСК-оос мэдээлснээр, нийслэлд 70-100 хувийн гүйцэтгэлтэй 5000 гаруй барилга байгаагаас 60 хувь нь 1-2 өрөө, 30 хувь нь 3 ба түүнээс дээш өрөөтэй байгаа бол 1983 ширхэг нь 100 хувь ашиглалтад орсон орон сууцууд аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж