Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх орон сууцанд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдыг оруулахаар болсон.
ХӨСҮТ-ийн 10 албан хаагч энэ сарын 9-нд орон сууцны батламж гардан авсан билээ. Тэгвэл дахин эмч, эмнэлгийн 400 ажилтан эхний ээлжид орох орон сууцны батламаа авахаар болжээ. Тодруулбал 400 эмч, эмнэлгийн ажилтны нэрсийг өнөөдөр /2020.06.20/авсан байна. Ирэх долоо хоногт тэдэнд орон сууцны батламжийг нь гардуулах аж.
УИХ-аас дөрөвдүгээр сарын 29-нд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг дэмжих тухай хууль баталсан.
Уг хуулийн хэлэлцүүлгүүдийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эмч, мэргэжилтэн, ажилтнуудын орон байрны асуудалд анхаарах шаардлага бий. Түрээслээд өмчлөх орон сууцанд түлхүү эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Өнөөдөр энэ дэмжлэг манай салбарынханд ус, агаар мэт хэрэгтэй байгаа” хэмээн хэлж байсан нь ийн бодит ажил хэрэг болов.
Тус хөтөлбөрийн хувьд урьдчилгаа төлбөрийн уян хатан нөхцөлтэй тул хуримтлалгүй иргэд хамрагдах боломжтой юм. Хүүгийн төвшин, ашгийн зөрүү хамгийн бага байх тул иргэдэд очих дарамт бага байна гэдгийг албаныхан хэлж буй.
Холбоотой мэдээ