Сайн үйлсийн аянд сагсчид нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.31-нд нийтлэгдсэн

Сайн үйлсийн аянд сагсчид нэгдлээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Тэгвэл дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг өчигдөр/12.30/ Спортын төв ордны "А" зааланд зохион байгууллаа.

Энэ удаагийн Монголын Үндэсний шигшээ баг vs Үндэсний Супер Лигийн легионеруудын тоглолтод зочин баг 104:97-оор хожсон юм. "MGL-USA" цувралын харьцаа 2-2 боллоо.

MNBA CARES-БИД НЭГ ГЭР БҮЛ сайн үйлсийн аянд Сагсан бөмбөг хэмээх их гэр бүлийнхэн халуун сэтгэлээр нэгдэж нэг цул болж чадлаа. Тоглолтыг нээж "Харанга" хамтлагийн дуучин, гавьяат жүжигчин Лхагвасүрэн "Батхишиг дүүдээ хурдан эдгээрэй, Хишиг ерөөе" хэмээн өөрийн "Толин хул" дуугаараа үзэгчдийг огшоосон бол реппер Цэцэ мөн найзынхаа төлөөх халуун сэтгэлээр хүрэлцэн ирж үзэгчиддээ дуугаараа мэндчилсэн юм.

Энэхүү сайн үйлсийн хандивын халз тоглолтын билетийн орлогоос 11.250.000 төгрөгийг цуглуулж чадсан ба халз тоглолтын үеэр бусад сайн санаат хүмүүс 3.000.000 орчим төгрөгийн хандив өгч нийтдээ 14 орчим сая төгрөгийг цуглууллаа.

Халз тоглолтоос олсон бүх орлогыг спортын мастер Б.Батхишигийн эмчилгээний зардалд зориулсан ба түүний аав Батцэнгэл, төрсөн дүү нарт нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, Легионер тоглогчид, МҮСБХ-ны удирдлагууд тоглолотын дараа гардуулан өгсөн юм.

Энэхүү MNBA CARE-БИД НЭГ БҮЛ сайн үйлсийн аянд нэгдсэн сагсан бөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчид, Үндэсний шигшээ багийн баг тамирчид, Легионер тоглогчид болон тэднийг тус тоглолтонд оролцох зөвшөөрлийг олгосон багийн эзэд, "Ардчилал" сонины хамт олон, эрхэм сэтгүүлчид, Б.Батхишигийн багын найз нөхөд болон монголчууд та бүхэндээ гүн талархал илэрхийлье!

Б.Батхишигтээ эмчилгээ нь амжилттай болж хурдан эдгэхийн сайхан ерөөлийг САГСАН БӨМБӨГ хэмээх их гэр бүлийнх нь нэрийн өмнөөс хүсэн ерөөе!

Хандивын данс:

  • "Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
  • "Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг

"Бид нэг гэр бүл" аяны зохион байгуулагчидтай холбоо барих бол 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдоорой.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО

 

Монголын Үндэсний Шигшээ баг vs Үндэсний Супер Лигийн Легионерууд – 97:104

Posted by Mongolian National Basketball Association on Wednesday, December 30, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж