Хүзүүний зүүлт ялагч болгосон ч юм билүү

Хуучирсан мэдээ: 2020.06.20-нд нийтлэгдсэн

Хүзүүний зүүлт ялагч болгосон ч юм билүү

News  агентлаг өнгөрч буй долоо хоногт бэлтгэсэн онцлох ярилцлагуудаа хүргэж байна.


“ХҮЗҮҮНИЙ ЗҮҮЛТ ЯЛАГЧ БОЛГОСОН Ч ЮМ БИЛ ҮҮ”

"Voice Mongolia" шоуны ялагч Х.Ядам

The Voice of Mongolia шоуны ялагч Х.Ядамтай ярилцлаа.Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс үзээрэйhttps://news.mn/r/2315369/

Posted by News.mn on Wednesday, June 17, 2020

The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч Х.Ядамтай ярилцлаа. Тэрбээр шоуны туршид Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээгээд буй. Үзэгчдийн саналаар Х.Ядам шилдгийн шилдгээр тодорсон юм. 


-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч болсон догдлол чинь намжаагүй байх. Тэр үед ялагч болж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв. Бусад дөрвөн оролцогч  бол хүчтэй өрсөлдөгчид байсан?

-Баярлалаа, одоо ч бүрэн ялагчийн "шок"-ноосоо гарч чадаагүй явна. Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би өөртөө итгэлтэй байсан. Тэгж байж л ялна. Хэрэвзээ, өөртөө итгэж чадахгүй бол ялж чадахгүй. Тиймээс ялна, дуугаа хүмүүст хүргэж чадна гэж бодож дуулсан.

-Одоо Ядам олны танил болсон учраас хувь хүний талаарх мэдээллийг сонирхох хүн олон байгаа байх, ялангуяа, охид?

-Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Одоо 24 настай. Ам бүл тавуулаа. Дээрээ ах, эгчтэй, айлын отгон хүү. Аав минь тээврийн жолооч, ээж тэтгэвэртээ гарсан. Ах, эгч нар маань амьдралтай болцгоосон. Би хотод сургуульдаа суралцахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажилладаг. Одоо Техник технологийн дээд сургуулийн авто замын инженерийн төгсөх курсийн оюутан.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй.

-Өмнө нь дууны тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж байв уу?

-Би багын дуулах дуртай байсан. Хүүхэд байхдаа Эрдэнэт хотод зохион байгуулдаг “Яргуй” урлагийн наадамд оролцоно. Тэрнээс өөр тэмцээн уралдаанд  орж байгаагүй. Өөрөө өөртөө дуугаа дуулаад  явдаг хүүхэд байлаа. Миний оролцсон хамгийн том  анхны тэмцээн бол “The Voice of Mongolia”.

-“The Voice of Mongolia” шоуны зарим оролцогчдыг харахад урилгаар эсвэл ойр дотны хэн нэгэн санал тавьснаар шоунд оролцсон байдаг. Чиний хувьд анх хэрхэн бүртгүүлж, оролцсон бэ?

-Би ажлаа хийж явахдаа санаандгүй тохиолдлоор энэ шоуны бүртгэл болж байгааг мэдсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзье гээд бүртгүүлэхээр очиход шалгаруулалтын сүүлчийн өдөр байж таарсан. Миний хувьд өөрөө зориг гарган энэ удаагийн “The Voice” шоунд оролцохоор шийдсэн юм. Гэтэл өнөөдөр шоуны ялагч болчихоод сууж байна. /инээв/

-Мэргэжлээрээ ямар байгууллагад ажилладаг юм бол?

-Би авто замын инженер мэргэжлээр суралцаж, давхар хувийн компанид ажилладаг юм. Авто замын зураг зурдаг гэсэн үг. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн. Урлагийн замыг сонгон суралцаад бүтэлгүйтэж байгаа тохиолдол их байдаг. Тийм учраас нийгэмд хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэдэг утгаараа ирээдүйн мэргэжлээ сонгосон.

-Цаашид урлагийн сургуульд суралцах уу?

-Миний хувьдThe Voice of Mongolia” шоунд орсноор их сургууль төгссөн дайтай маш их зүйлийг сурч авсан. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд заалгаж, шат болгон дээр бусдаасаа суралцсан. Мөн тайзан дээр хэрхэн биеэ авч явах, камертай харьцах, хувцаслалт, дуулалт, багаар ажиллах чадвар гээд бүх зүйлийг сурсан. Хэрвээ боломж олдвол дуучин мэргэжлээр суралцана.

-“The Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагч оролцогчдыг хэрхэн бэлдэж байгаа нь харагддаггүй шүү дээ. Ер нь шоуны оролцогчдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Шоуны оролцогчид дуугаа богино хугацаанд бэлддэг. “The Voice of Mongolia” шоуны арын албаны уран бүтээлчид маш өндөр зохион байгуулалттай, цагийн нарийн хуваарьтайгаар ажлаа төлөвлөсөн байдаг. Мөн хувь хүний хичээл зүтгэлээс маш их зүйл шалтгаална.

Шоуны “Knock out” шатнаас хойш долоо хоногийн зайтай дараагийн шатууд явсан. Заримдаа хонож бэлдэх тохиолдол ч гарна. Бэлтгэлгүй өдөр гэж байхгүй гэж хэлж болно. Хэн нь илүү хөдөлмөрлөж, тэвчээртэй байна, тэр хүн амжилтад хүрдэг гэж боддог. Миний хувьд өөрийгөө 100 хувь дайчилж, хичээсэн. Би шоуны шат болгонд өөр Х.Ядамыг харуулахыг хичээсэн. Шүүгч маань надад финалын шатанд дан дээд өнгөөр дуулдаг рок-нролл дуу дуулах даалгаврыг өгсөн.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ ЖИЛИЙН НААДАМД Э.ОЮУНБОЛД БАРИЛДАХ БОЛОМЖГҮЙ

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа


-Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Цагаан сарын барилдааныг УОК-ын шийдвэрээр хориглосон. Харин наадмын бөхөө барилдуулахаар боллоо, гэхдээ үзэгчгүй. Бөхчүүд энэ шийдвэр хэр хүлээж авсан бэ?

-Энэ жилийн наадам цар тахлын дэгдэлттэй таарч байгаа тул хязгаарлагдмал орчинд, Улаанбаатар хотоос 80 километрын зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зохион байгуулагдана. Энэ нь олон хүнийг бөөгнөрүүлэхгүй, наадамчин олны дунд эрсдэлтэй байдал үүсгэхгүйн тулд хийж байгаа ажил байх. Нөгөө талаас нь харвал наадам олон жил нэгэн хэвийн хэвшмэл байдалтай байсныг өөрчилж үзье гэсэн санаа байж болно. Техник, технологийн дэвшлийг ашиглан Монгол наадам, Монгол үндэсний бөхийг олон нийтэд, дэлхийн дахинд сурталчлах боломж гэж зохион байгуулагчид үзэж байгаа хандлагатай  байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс жижиг талбайд зохион байгуулагдах бөхийн барилдааныг чанарын өндөр түвшинд олон талаас нь бичиж бөхийн барилдааныг илүү ойроос үзэгчдэд харуулахаар зорьж байгаа.

Ер нь Монгол наадмын бүтэн бичлэг архивт хадгалагдаж байгаагүй юм билээ. 512 бөх улсын их баяр наадамд зодоглох бол аймгийн наадамд 128 бөх, сумын наадамд 64 бөх тус тус зодоглох ба Үндэсний их баяр наадам улс орон даяар ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.

-Бөхийн барилдаан Төв цэнгэлдэхэд биш  13-р зуун цогцолбор жуулчны баазад болно гэсэн шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргалаа. Тэнд бөх барилдах боломж хэр вэ. Иргэдийн хувьд үүнийг эсэргүүцэж байна?

-Монголын наадмыг сурталчлан таниулж байгаа учир хиймэл зүлэг дэвсэхгүй, бөхийн барилдааны талбай тэгшхэн, байгалийн зүлгээрээ байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

-Бөхийн холбооны зүгээс бөхчүүд болон бөхийн галуудад ямар зөвлөмжийг өгч байгаа вэ?

-Үндэсний бөхийн салбар хорооноос холбоонд чиглэл өгч байгаа. Нийслэлээс зайдуу наадам болох учир хувийн бэлтгэлээ сайн хангах, бөхийн галуудаас нэг багш, дасгалжуулагчид наадмын талбайд орох мандат өгнө гэж заасан. Бөхийн галуудад баяр наадмын бөхийн салбар хорооныхон очиж яриа таниулга жил бүр хийдэг.  Нэгдүгээрт допинг, сэргээштэй холбоотой, хоёрдугаарт засгийн газраас 2018 онд баталсан баяр наадмын бөхийн барилдааны дүрэм гэж бий, үүнд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулдаг. Энэ жилийн хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй учир бөхийн галууд хэвийн бэлтгэл, сургуулилтаа хийж болно.

-Улсын их баяр наадамд зодоглох бөхчүүдээс шинэ коронавирусийн шинжилгээ авна гэсэн. Хэзээнээс авах юм?

-Одоогоор энэ асуудал яригдаж байгаа. Дотооддоо цар тахал алдаагүй мөн гадаадаас ирж буй хүмүүсийн давтан шинжилгээний хариу яаж гарах вэ гэдгээс шалтгаалах учир яг эцэслэн шийдвэр гараагүй. Нөхцөл байдал хэвийн үргэлжилвэл бөхчүүдийг нарийвчилсан шинжилгээнд хамруулахгүй, халууныг нь үзэж барилдуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Улс, аймаг, сумдын наадмын цолонд өөрчлөлт орох уу?

-Яг л баяр наадмын тухай хуульд зааснаараа барилдаан явагдана. Аймгийн наадамд 128 бөх барилдах тул аймгийн харцага цол авах бөх гарахгүй гэсэн үг.

"БӨХ ХҮНИЙ ХУВЬД НААДАМ ТАСРАХГҮЙ БАЙГААД ТАЛАРХАЛТАЙ  БАЙНА"

-Саяхан харцага, начин цолтнуудын халз барилдаан үзэгчгүй зохион байгуулагдлаа. Нэг тийм уран гоё, хурц барилдаан гарахгүй байгаа ч юм шиг санагдсан. Та бөх хүний хувьд хэлэхэд үзэгчгүй барилдах нь бөхчүүдэд хэр нөлөөлдөг вэ?

-Ард түмэн, үзэгчид бол Монгол бөхийн барилдааны салшгүй нэг хэсэг. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарч буй цар тахлын улмаас үзэгчгүй хийхээр шийдвэрлэсэн. Бөхчүүдийн хувьд ийм нөхцөлд наадамд барилдаж байгаагүй тул мэдээж  сэтгэлзүй өөр л байх болов уу. Бөх хүний хувьд наадам тасрахгүй байгаад талархалтай  байна. Учир нь Монгол наадам өмнөх 20-р зуунд ганц удаа л тасарсан байдаг, энэ нь 1920 он. Энэ нь 1919 оны наадмын дараа буюу 10-р сард харь улсын цэрэг хүч түрэмгийлэн ирж Монгол Улсын автономит эрхийг үгүй хийж 1920 онд цагаан сар, наадамгүй өнжсөн байдаг. Энэ байдал нь 1921 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэнг бид бүгд мэднэ. Ер нь Монгол бөхийн оноо данс 1837-1912 оны сүүлийн Даншиг наадам, Г.Вандан аваргын үе буюу 1913-1919 оны Арван засгийн наадмын данс бүртгэл байдаг. Харин 1920 оны наадмын бөхийн барилдаан гэж тэмдэглэгдээгүй нь дээрх үймээн самуунтай холбоотой болов уу даа. 1921 оны зургадугаар сард Сэлэнгийн Алтанбулагт Солдат толгой гэдэг газарт 96 бөх барилдаж одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Данигай” хэмээх Дугаржавын Дамдин түрүүлж мөн хошууны Бат-Очир начин үзүүрлэж Орхонтуулын В.Гоонос гэдэг бөх шөвгийн гуравт үлдсэн. Энэ наадамд сурын харваа болоогүй мөн Төр засаг, цэргийн удирдлага болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар байгаагүй гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Харин  долдугаар сарын 11-ны өдөр Хүрээнд ард олон морин цагт цуглаж хоёр насны морь уралдуулж, 124 бөх барилдаж Засагт ханы Сартуул гүний хошуу одоогийн Завхан аймгийн “Солгой” хэмээх Сундуй заан долоо давж түрүүлэн, Түшээт ханы Буянтогтох начин, Сайн ноён ханы хоёр бөх болох  “нохой” хэмээх Гомбо, “хэрээ” хэмээх Дэмбээ нар шөвгийн дөрөвт үлджээ гэж бөхийн оноо дансанд бичигдсэн байдаг. Сурын харваанд Д.Сүхбаатар жанжин 20 сумаас 20 онож түрүүлсэн гэж Партизан Ж.Дамдин гуай Монгол бөх номондоо бичиж үлдээсэн байдаг. Үүнээс харахад бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг зүйлээ олж авсан, их хөөр баяраа  богинохон цагт ч болтугай тэмдэглэн ирсэн нь харагддаг. Монгол хүн билгээр гэдэг дээ. Үүнийг төр засгаас бодолцож баяр наадамаа өнжөөхгүйгээр зохион байгуулж байгаа байх.

"ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ МАРГААН БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО"

-Монгол бөхийн холбоо хамгийн их хэл ам, хэрүүлтэй газар. Хоёр хуваагдаад "Бөхийн өргөө"-гөө булаацалдаж зодолдоод Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болчихсон байсан. Байдал одоо намжсан уу?

-Аль 2002 оноос эхэлсэн холбооны маргаан 17 жилийн дараа буюу 2019 оны есдүгээр сард маргалдаж байсан талууд болох “Гацуурт” ХХК-ийн захирал Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Дархан аварга А.Бат-Эрдэнэтэй уулзаж, Л.Чинбат захирал өөрт байсан тамга, гэрчилгээг хүлээлгэн өгч, нэгтгэн бөхийн холбоог тойрсон асуудалд цэг тавьсан. Хоёр холбоо бий болоод байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Л.Чинбат тэргүүнтэй, холбооны  цэцдийн зөвлөлийн дарга нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гуай байсан бол манай холбооны Цэцдийн зөвлөлийн дарга буюу ТУЗ-ийн дарга нь Г.Өсөхбаяр аварга одоо байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга маань ажил, үүргийн байдлаасаа шалтгаалан өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр бөхийн холбооны тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Хоёр цэцдийн зөвлөлийн дарга бид хамт уулзаад Цэцдийн зөвлөлийн хурал, үүнээс товлогдох "Их-эе" хурлыг даруй хийхээр төлөвлөж байгаа.

Одоо үндэсний бөхөд маань энэ холбооны асуудлаар ямарч маргаан байхгүй гэж үзэж болно

– “Их-Эе” хурал цар тахалтай холбоотойгоор хойшлогдсоор байгаа.Хурлаа хэзээ хийх санаатай байна. Үндэсний бөхийг шинэчлэл үгүйлэгдсээр байгаа. Таныг энэ шинэчлэлийг хийж чадна гэсэн хүлээлт бөх сонирхчдын дунд бий?

-Холбооны удирдлагын маргаанаас болж олон жил зөрчил үүсч ирсэн. Одоо холбоо маань "Их-эе" хурлаа цар тахлын дараа өндөр ирцтэйгээр хийж, бид дараагийн залуучууддаа ямар нэгэн маргаан үймээнгүй, дүрэм журам нь цаг үетэйгээ нийцсэн үлгэр жишээ холбоог бий болгоход бүгд анхааран оролцох хэрэгтэй. Энэ холбоог, энэ Бөхийн өргөөг бий болгоход өмнөх ахмадууд их хичээж ирсэнг бид ойлгож л явна. Одоо бидний үүрэг үүнийг нь хууль дүрмийн дагуу цэгцэнд нь оруулаад өгөх. Ганц бөхийн нэр хүнд ч унаад байгаа биш, монголд бүх л салбар уналтын байдалтай байна. Сайн нэртэй зүйл ч ховор болж, шүүмжлэлийн давалгаа бүх улс орон даяар нөмөрсөн. Үүнийг бөхчүүд маань сайн ойлгож байгаа, яагаад гэвэл тэд бусад салбарынханаас арай илүү хүндлэлийг мэдэрч ирсэн. Уулзсан, таарсан ахмад, дунд, залуу бүх л бөхчүүд маань одоо маргаан зөрчил гэж зүйлийг байхгүй болгоё, үүнд бүгд хичээе гэж байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард бөхчүүд холбоондоо шаардлага тавьсан. Тэд допинг, сэргээштэй нэр холбогдсон 38 бөхийн нэрсийг ил зарлахыг шаардсан. Энэ  асуудал яагаад таг болчихов. Э.Оюунболдын асуудлаас болсон уу?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд нэр бүхий бөхчүүд 262 бөхийн гарын үсэгтэй бичгийг үндэсний бөхийн холбоонд авчирч өгсөн. Энэ бичигт хоёр зүйлийн тухай дурдсан. Нэгдүгээрт цэцдийн зөвлөлийн хурлаа зохион байгуулж “Их-эе” хурлыг зарлуулах, хоёрдугаарт нь допингтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг шаардсан. Хурлууд бол цар тахлаас болж хойшлогдоод байна.

Допингтой бол холбоо эвлэрэхгүй. Шударга бус зүйл ер байж болохгүй. Олон нийтийн сүлжээнд “38 нэр бүхий бөх допинг, сэргээштэй холбогдсон бөгөөд хэргийг АТГ шалгаж байна” гэсэн мэдээ гарсны дагуу өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр АТГ-т шалгаж байгаа хэргийн мөрдлөгөд нөлөөлөхгүй бол тодруулга өгөөч гэсэн хүсэлт илгээхэд АТГ-ын зүгээс гуравдугаар сарын 6-нд хариу мэдэгдлийг явуулсан.

Тус газрын зүгээс “Допингтой холбоотой хэргийг хянан, шалгаж байгаа тул тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн хариуг явуулсан. Одоо л допинг гэж зүйлийг дарж авахгүй бол хэзээч арилахгүй зүйл болно.

ДЭЛГЭРЭНГҮЙ


“ХӨЛ ХОРИОГ СУНГАХГҮЙ БОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН АЖИЛЛАНА”

Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж аль хэдийнэ зун цаг иржээ. Дулааны улирал эхэлж, аялал зугаалгын цаг ирж байгаа энэ үед иргэд амралт, рашаан сувилалд, хүүхдүүд зуслан явах нь ихэсдэг. Энэ жил коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүүхдийн зуслан ажиллах эсэхийг тодруулж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуултай ярилцлаа.


 -Коронавирусийн халдвараас болж хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед хүүхдийн зуслангууд ажиллах уу?

-Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг энэ  сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Цаашид хорио цээрийн дэглэм цуцлагдвал  хүүхдийн зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийсэн.

Магадгүй УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдвал дээрх зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх тайлбарыг удирдлагуудаас нь хэлж байгаа. Бид яагаад хүүхдийн зусланд илүүтэй анхаараад байна вэ гэхээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслангийн ард хувийн аж ахуйн нэгж компаниуд бий. Тиймээс ч хөл хорионы улмаас эдийн засгийн уналтад орсон хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох нь зүй ёсны хэрэг.

Зусланд амрах хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт амраах саналыг танайхаас Монголын зуслангийн холбоонд тавьсан гэж сонссон. Тус холбооноос хэрхэн хүлээж авсан бэ?

Монголын зуслангийн холбоотой ярилцаад гэр бүлээр нь амраах үйлчилгээг санал болгохоор болсон. Хөл хорионы үед Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар хамгааллын дэглэмийг баталсан. Үүний дагуу ажиллахад багагүй хүндрэл учирч байгаа.

Тухайлбал, хүмүүсийг олноор нь цуглуулахгүй, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх шаардлага тавьсан. Энэхүү шаардлага нь хүүхдийн зуслангийн үндсэн үйл ажиллагааг шууд өөрчлөхтэй холбоотой учир ажиллах боломжгүй болчхоод байгаа юм.

Тиймээс хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулъя гэж ярилцаж байна. Зуслангуудын удирдлагуудын зүгээс нааштай хүлээж аваагүй. Учир нь зуслан үйл ажиллагаа явуулахад багагүй өртөг зардал гарна. Мөн  эцэг, эх нь хүүхдүүдтэйгаа хамт ирсэн тохиолдолд эцэг, эхчүүдэд зориулсан хөтөлбөр нь юу байх вэ, төлбөрөө төлөөд зусланд хамрагдах гэр бүл бодит амьдрал дээр хэд байх бол зэрэг асуудал их байна.

Зуслангууд халдвар хамгааллын дэглэм баримтлахад тодорхой зардал гарна. Энэ зардлаа дараа нь нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь хүүхдийн зуслангийн үнэ 180-380 мянган төгрөгийн хооронд байдаг.

Зуслангуудын хувьд мөнгө санхүү тогтвортой ажиллагаатай холбоотой хүндрэлүүд их тулгарч байна. Ямартай ч бидний зүгээс Монголын зуслангийн холбоотой хөл хорио сунгах эсэхийг харгалзан нэг шийдвэрт хүрэхээр  ярилцсан. УОК-ын шийдвэр яаж гарахаас хамааран хүүхдийн зусланг өөр хэлбэрээр ажиллуулах, эсхүл ажиллуулахгүй өнжих гэсэн сонголт л байна даа.

Яагаад эцэг, эхтэй нь хамт амраах саналыг дэвшүүлсэн юм бэ?

-Эрүүл мэндийн сайдын гаргасан нийтлэг болон тусгай шаардлагаар гэр бүлийн зориулалттай бол үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Хүүхдүүд 7-10 хоногийн хугацаанд зусланд амардаг. Энэ хугацаанд ээж, аавтайгаа хамт олон хүнтэй уулзаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр амрах боломжтой. Гэхдээ энэ зөвхөн санал төдий зүйл. Уг саналыг боловсруулж дуусаад УОК-т танилцуулна. Тус комиссоос тодорхой шийдвэр гаргах ёстой. 

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж