Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран харьяа эрүүл мэндийн 14 байгууллагад НЭМГ-ын даргын А/57 дугаар тушаалын дагуу цусны аюулгүй байдал, цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт, үнэлгээг хийлээ.
Цусны аюулгүй байдал, цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл, цусны нөөц зохицуулах нэгж, цусны салбар төв, эмнэлгийн лабораторийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цус сэлбэсэн өвчний түүх, лабораторийн шинжилгээ хийж байгаа байдалд нийт найман чиглэлээр үнэлгээ хийсэн бөгөөд эмнэлэгийн удирдлага, цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд, цус сэлбэлтэнд оролцдог эмч, сувилагч, лабораторийн эрхлэгч, лаборант зэрэг 129 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, сайжруулах чиглэлийг тодорхойлсон байна.
Лабораторийн үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судлан үнэлж, эрүүл мэндийн байгууллагын лабораторийн давуу болон сул тал, дутагдлыг бодитойгоор тодорхойлсноор лабораторийн тогтолцоог хөгжүүлэх, бэхжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Үнэлгээний явцад илэрсэн дутагдалтай зүйлс, үл тохиролыг шуурхай засах, сэргийлэх цогц үйл ажиллагааг нэн даруй эхлүүлэх зорилгоор цахим сургалтыг зохион байгууллаа. Энэ хүрээнд “Цусны аюулгүй байдлыг хангаж, цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, цус сэлбэх зохистой дадлыг хэвшүүлэхэд анхаарах зүйлс” сэдвээр ЦССҮТ-ийн сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, “Эх барихын цочмог цус алдалтын үеийн эрчимтэй сэлбэх эмчилгээний талаарх санамж” сэдвээр ЭХЭМҮТ-ийн эх барих эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч Б.Ганбилэг нар мэдээлэл хийсэн юм.
Мөн үнэлгээ хийсэн зарим эмнэлгийнхэнд зориулж “Антибиотикийн зохистой хэрэглээ” сэдвээр АУ-ны доктор, дэд профессор С.Чимидцэрэн /АШУҮИС/ мэдээлэл өглөө.
Тус сургалтанд НЭМГ-ийн харьяа эрүүл мэндийн байгууллагын чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, мэс засал, яаралтай тусламж, лабораторийн эмч, мэргэжилтнүүд болох нийт 350 хүн оролцсон байна.
Сургалтаар хүргэсэн мэдээллийг НЭМГ-ийн цахим хуудсанд байршуулан өргөн хэлбэрээр ашиглах боломжтой юм. Түүнчлэн харьяа байгууллагуудад энэ чиглэлээр өгсөн санал зөвлөмжийг шуурхай хэрэгжүүлж, үр дүнг эргэн мэдээлэх үүрэг өгчээ.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ