ТЕГ, ЦЕГ хамтран УИХ-ын сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөдөр/2020.06.19/ мэдээлэл хийлээ.
ТЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.БАЯРХҮҮ:
-ТЕГ-т иргэний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг бүхий нийт 89 гэмт хэрэг шалгагдаж байгаагийн 80 буюу 90 хувийг нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, 9 буюу 10 хувийг нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна. Гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийн нэг гомдол мэдээлэл дээр Тагнуулын Ерөнхий газраас хэрэг бүртгэл нээж, есөн гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэл нээхээс татгалзах санал гаргаж, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн. ТЕГ-аас нээсэн нэг гомдол мэдээлэл дээр нэмэгдэн ЦЕГ-аас харьяаллын дагуу шилжүүлж ирсэн долоон гэмт хэргийн гомдол ирж нийт найман хэрэг дээр ТЕГ шалгах ажиллагаа явуулж байна. Энэхүү найман хэргийг ангилвал сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх таван гэмт хэрэг, иргэний сонгуулийн эрх, эрх чөлөөгөө эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад болсон гэх хоёр, ард нийтийн санал асуулгад хууль буйсаар нөлөөлөх гэмт хэргийн шинжтэй нэг гомдол мэдээлэл дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Нийт ирсэн 89 гомдол мэдээллийг ангиллаж үзвэл цахим хаяг, ном, хэвлэмэл хуудсаар дамжуулан нэр дэвшигчийн нэр төр, албан тушаалыг гутаан доромжилсон, худал мэдээллийг олон нийтэд тараасан хууль бус үйлдлийн талаарх 72 гомдол буюу 81 хувь, сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, амралт сувилалд явуулах, шагнал гардуулах, саналыг худалдан авах талаарх 11 гомдол буюу 12 хувь, зөвшөөрөлгүйгээр оршин суугаа хаягийн бүртгэлийг өөрчилсөн, хууль бусаар олон тооны иргэдийг шилжүүлсэн, дижитал технологи ашиглан төрийн эрх мэдлийг хууль бусаар будлиантуулж авах гэж оролдсон гэх 6 гомдол буюу 7 хувийг тус тус эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт 43 байсан гомдол мэдээлэл энэ долоо хоногт 89 болж нэг дахин нэмэгдсэн.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.ЧИНБАТ:
-Сонгуулийн үйл ажиллагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуультай холбоотой байж болзошгүй 1118 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс 518 нь нийслэлд, 600 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд нэр бүхий намын албан тушаалтуунд зургадугаар сарын 15-ны өдөр тус сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хашаа барьж өгсөн хэрэг гарсан. Үүнийг нь цагдаагийн алба хаагчид шалгаад шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс энэ хэрэгт холбогдогч Б-г 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн зургадугаар сарын 12-нд иргэн М-ээс цагдаагийн байгууллагад явуулсан мэдээллийн дагуу УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас нэр дэвшигч 303 мотоциклийг тойрог дээрээ авчруулан хадгалж байсан. Үүнийг бид тогтоон шалгаж байна. Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй тээврийн хэрэгслүүд 80 гаруй иргэдийн тээврийн хэрэгслийг шатахуунаар хангаж байна гэсэн гомдол ирүүлсэн. Үүн дээр ч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Б-ээс ирүүлсэн мэдээллийг шалгахад УИХ-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй дэвшигчийн гэр бүлийн хүн Баянгол дүүрэгт өөрийн төрсөн өдрийг тэмдэглэж байна гэх нэрийдлээр иргэдэд бэлэг, бэлэн мөнгө тараасан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа. Нэр дэвшигчийн сурталчилгааны менежер Х бэлнээр 40 сая төгрөг авч явж байсан хэрэг гарсан. Говь-Алтай аймагт нэр дэвшигч А-ын сонгуулийн штабын ажилтан долоон иргэнд бэлэн мөнгө тараасан гэх хэргийг шалгаж байна. Энэ мэтчилэн гомдол, мэдээллүүд ирсээр байна.
Холбоотой мэдээ