Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэр нь анагаах ухааны биотехнологид суурилан, хүний эмчилгээний биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчныг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, урсгалыг өөрчлөх, орчин үеийн эмийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэх зорилгоор үйл ажиллагааг 2010 оноос түр зогсоогоод байсан.
Улсын төсвийн хөрөнгө болон дотоодын нөөц бололцоогоор нийт 1 тэрбум 580,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, “Эмийн үйлдвэрт тавигдах шаардлага”, “Биобэлдмэлийн үйлдвэрт тавигдах шаардлага” стандартын шаардлагад нийцүүлэн засч, үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сард сэргээн нээсэн байна.
Вакцин онош зүйн тасаг нь вакцин, билбэлдмэл, оношлуур үйлдвэрлэж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулагдсан Биобэлдмэлийн үйлдвэрийн ууган нэгжүүдийн нэг юм. Тус тасагт 1933 онд 98000 хүн/тун цагаан цэцгийн вакцин үйлдвэрлэн гаргаснаар энэхүү аюулт өвчнийг устгасан Азийн анхны орон болсон билээ.
Вакцин онош зүйн тасгийн урсгал засварт шаардагдах хөрөнгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шийдвэрлэсний үр дүнд зарим дээж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, үйл ажиллагааг албан ёсоор нээж байна.
Тус тасагт цаашид 20 гаруй тэжээлт орчин, колибактерин, галзуугийн эсрэг эдийн өсгөврийн вакцин, балнадын нян залгиур, шиллэг эд зэрэг 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.
Засгийн газрын 2020 оны 98 дугаар тогтоолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд орон тоо, төсвийн хамт шилжин ирснээр Биобэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас санхүүжүүлэхээр болж байна.
Холбоотой мэдээ