Хятадын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн тархвар судлаач Ву Зунью Бээжин Covid-19 халдварын шинэ дэгдэлтийг хэдийнэ хяналтдаа авсан бөгөөд ирэх өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурна гэж мэдэгджээ. Өнгөрсөн Пүрэв гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр тэрбээр Бээжин халдварын талаарх мэдээ мэдээллийг өдөр тутам өгч буй бөгөөд илрээд буй тохиолдлууд бүгд шинэ биш болохыг хэлсэн байна. Тухайлбал, өнгөрсөн Лхагва гаригт бүртгэгдсэн 21 шинэ тохиолдлын хувьд зургадугаар сарын 12-нд халдвар авсан нь тогтоогдсон аж.
Тус хэвлэлийн бага хурал дээр Хотын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирлын орлогч дарга Пан Синхуо “Хэрвээ Бээжин дэгдэлтийг хяналтдаа яаралтай аваагүй бол Уханьд ч дэгдэлт дахих байсан” хэмээн хэлжээ.
Хятадын зарим хэвлэлд бичсэнээр, хэдийгээр шинэ дэгдэлт буурч байгаа ч Бээжин хот хязгаарлалтын арга хэмжээгээ чангатгасаар байгаа аж. Энэ Баасан гаригийн өглөө БНХАУ-ын хоёр нисэх буудал дотоодын 800 гаруй нислэгээ цуцалжээ.
Мөн БНХАУ-ын Бээжин хотын тархалтын шинэ голомт болсон Шиньфади хүнсний захтай ойролцоо амьдардаг, “Covid-19”-ийн халдвар авсан байх магадлалтай 80 мянган оршин суугчийг шинжилгээнд хамруулж, оношилгоо хийсэн байна. Энэхүү ажилд эрүүл мэндийн 20 гаруй байгууллага, 1400 орчим эмнэлгийн ажилтныг дайчилжээ. Шинжилгээнийн хариу албан ёсоор гараагүй байгаа аж. Шиньфади зах байрладаг Фэнтай дүүрэгт 2.2 сая хүн оршин суудаг байна.
Эх сурвалж: GLOBAL TIMES
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ