Бидний хүүхэд наснааасаа эхлэн шимтэн үзэж ирсэн Бэтмен, Супермен, Вондер Вумен зэрэг супер баатруудын тухай өгүүлэх дэлгэцийн уран бүтээл болох Justice League киноны хасагдсан хэсэг ил болжээ. 2017 онд нээлтээ хийсэн тус киноны зарим чухал хэсгүүдийг хассан хэмээн найруулагч Зак Снайдер ярьж байсан юм. Үүнийг нь ч сонссон үзэгч, фенүүд нь Warner Bros кино компанид удаа дараа шаардлага, хүсэлт тавьж Зак Снайдерын хасагдсан хэсгийг олон нийтэд ил болгох хөдөлгөөн өрнүүлсэн билээ.
Тэгвэл өчигдөр/2020.06.18/ тэдний өрнүүлсэн хөдөлгөөн амжилтанд хүрч тус кинонд Аквамений дүрийг бүтээсэн Жэйсон Момао эхний жижигхэн хасагдсан хэсгийг ил болгосон байна. Тэрбээр “Аквамен байхын хамгийн сайн тал нь Зак Снайдер намайг бүтээсэнд байгаа юм. Тэгэхээр би та нарт өмнө нь хэний ч ил болгож байгаагүй зүйлийг харуулъя” хэмээн бичлэгээ нийтэлжээ.
Зак Снайдерын найруулсан ямар ч хэсгийг нь хасаагүй, бүтэн кино нь ирэх 2021 онд HBO Max стриймин үйлчилгээгээр нээлтээ хийнэ.
Энэхүү бичлэгт Вондер Вумений дүрд тоглосон Галь Гадот эртний агуйд үзэгдэх ба энэ үеэр хорон санаат Лекс Люторын дүрийг бүтээсэн Жесси Айзенбергийн Batman v. Superman: Dawn of Justice киноны төгсгөлд хэлдэг “ Хонх аль хэдийн дугарсан. Тэд үүнийг сонссон. Гэхдээ харанхуйд, оддын дунд, дин дон, бурхан нь үхчихсэн” гэх үгс багтжээ.
Энэхүү бичлэгт гариг, ертөнцийг устгагч, хорон санаат, DC ертөнцийн томоохон дайсан болох Дарксайдын дүр анх удаа ил гарна
300 сая ам.долларын өртгөөр бүтсэн Justice League кино дэлхий даяар нийт 657.9 сая ам.долларын ашиг орлого олж байсан бол ирэх онд нээлтээ хийх бүтэн хувилбар нь үүнтэй дүйцэхүйц ашиг олно хэмээн кино сонирхогч, судлаачид үзэж байна.
Сануулахад, Avengers: Endgame кино мөн адил хасагдсан хэсгүүдээ оруулсан, бүтэн хувилбараа олон нийтэд ил болгож байсан билээ.
Холбоотой мэдээ