Өнгөрөгч зун БНСУ-ын Гванжу хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Оюутны Универсиад XVIII их наадам эх орноо төлөөлөн амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа.
Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн багийн спортын төрлөөс ганцаараа С.Тулга, А.Алтан-Очир дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн Залуучуудын шигшээ баг Дэлхийн наадамд амжилттай оролцож гурван хожил байгуулж, XVII байранд шалгарсан билээ.
Тэгвэл Залуучуудын шигшээ баг, тамирчдын амжилтыг төлөөлүүлэн ”Дорнод Танан гарьд” багийн довтлогч А.Тэмүүжинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ" медалиар шагнасныг өнөөдөр Эрүүл мэнд, Спортын яаманд Монгол Улсын Шадар сайд Оюунбаатар гардуулан өглөө.
2013 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Универсиад наадамд амжилттай оролцон 16-р байранд шалгарсан амжилтыг нь үнэлж тус багийг төлөөлүүлэн ОУХМ Б.Билгүүнд мөн Хөдөлмөрийн Хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж байсан билээ.
Багийн спорт, түүний дотор сагсан бөмбөгчдийг Дэлхийтэй өрсөлдөхөд дэмжин, хамтран ажилладаг Монголын Оюутны Спортын холбооны хамт олонд талархал илэрхийлье!
Мөн энэ өдөр “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор Универсиад XVIII их наадмын багийн ахлагчийн орлогч, штабын дарга Ч.Эрдэнэтуяа, “АЛТАН ГАДАС” одонгоор Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, буудлагын спортын ОУХМ Э.Даваахүү, “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-иар буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчин О.Төгөлдөр, ҮБТДС-ийн оюутан хөнгөнатлетикийн спортын ОУХМ Б.Мөнхзаяа нар шагнагдлаа.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО