Дэлхийн хөлбөмбөг эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн хөлбөмбөг эргэн ирлээ

Дэлхийн хөлбөмбөг эргэн ирлээ

Цар тахлын улмаас гурван сар гаруй хцгацаанд түр завсарлаад байсан дэлхийн хөлбөмбөгийн томоохон лигүүд болон холбооны цомын тэмцээнүүд энэ долоо хоногт эргэн ирлээ.


АНГЛИЙН ПРЕМЕР ЛИГ

Дэлхийн хамгийн их үзэгчидтэй, ширүүхэн өрсөлдөөнтэй Английн хөлбөмбөгийн дээд лиг буюу Премьер лиг эргэн ирсэн. 100 гаруй хоног түр завсарласан тус лигийн 29-р тойргийн нөхөн тоглолтууд болж өнгөрлөө.

  • Астон Вилла-Шеффилд Юнайтед

Энэ улиралд доод лигээс дэвшин гарч ирсэн дээрх хоёр багийн тоглолт 0-0 гэсэн харьцаатай өндөрлөсөн. Ирэх жил Европа лигт өрсөлдөх зорилготой байгаа Шеффилд Юнайтедын хувьд нэг оноо авсан нь таагүй бол дахин доод лиг рүү унахгүйн төлөө тэмцэж буй Астон Вилла багт одоо бол тэнцээний нэг оноо ч ус,агаар мэт хэрэгтэй байна.

  • Манчестер Сити-Арсенал

Английн хөлбөмбөгийн өнгө төрхийг тодорхойлж буй хоёр багийн тулаанд “Хотынхон” 3-0 гэсэн харьцаатайгаар илүүрхлээ. Арсенал багаас Бразил хамгаалагч Давид Луйз энэхүү тоглолтонд тун муу байж эсрэг багтаа хоёр гоол оруулах бололцоог нь бүрдүүлээд өгчихсөн. Эхнийх нь өөрийн торгуулийн талбайд ирсэн бөмбөгийг зайлуулах гэж байгаад бөмбөгнөөсөө зөрөн Рахин Стерлингт гоол оруулах таатай боломжийг бүрдүүлсэн. Дараа нь өөрийн торгуулийн талбайдаа Рияд Махрезыг унагааж, улаан хуудас хүртэн талбайгаас хөөгдсөн. Ийнхүү 10 хүнтэй үлдсэн Арсенал айлын талбай дээр байдаг чадлаараа тэмцэж, харамсалтай нь хожигдлоо.

Тоглолтын дараа Давид Луйз хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Өнөөдрийн хожигдолд би буруутай. Баг маань 10 хүнтэй үлдсэн гэхэд сайн тоглолоо. Дасгалжуулагч, багийн нөхөд маань сайн байсан ч би алдаа гаргалаа” хэмээжээ.

Арсенал баг ийнхүү тус тоглолтонд хожигдсноор хүснэгтийн есдүгээр байрандаа үлдлээ. Тэд ирэх жил Европа болон УЕФА Аваргуудын лигт оролцох эсэх нь тун эргэлзээтэй болж ирлээ. Харин Манчестер Сити баг хүснэгтийн хоёрдугаар бичигдэж байна.

ИСПАНИЙН ЛА ЛИГ

Испанийн Ла лиг гурван сар гаруй хугацааны дараа эргэн ирлээ. Тус лигийн 29-р тойргийн тоглолтууд энэ долоо хоногт явагдлаа.

  • Барселона-Леганес

Лигийг тэргүүлэгч Барселона өөрсдийн талбайдаа лигийн сүүлийн байранд явж буй Леганес багийг хүлээн авч тоглолоо. 99 мянган хүний суудалтай, хоосон цэнгэлдэхэд явагдсан энэхүү тоглолтонд Барселона баг өрсөлдөгчөө 2-0 гэсэн харьцаатай ялжээ. Тоглолтын эхний гоолыг энэ улирал цахиур хагалан шинээр гарч ирж буй Ансу Фати нэгдүгээр үеийн 42 дахь минутанд оруулсан бол дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси хоёрдугаар үеийн 69 дэх минутанд торгуулийн цохилтоор гоол оруулан багаа ялалтад хөтөллөө.

  • Реал Мадрид-Валенсиа

Испанийн эзэн хааны Реал Мадрид өөрсдийн Б багийн талбайдаа Валенсиа багийг хүлээн авч тоглолоо. Шаардлагагүй зардал гаргахаас сэргийлж Реал Мадридын зүгээс 81 мянган хүний суудалтай бус 6 мянган хүний суудалтай домогт Альфредо Ди Стефаногийн нэрэмжит цэнгэлдэхэд өрсөлдөгчөө хүлээн авсан юм. Тоглолтын эхнээс л талбайн эзэд илүүрхэж эсрэг багийнхаа хаалга руу нийт 19 цохилт хийж, 14 нь хаалгаа оножээ. Хоёрдугаар үед Карим Бензема тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр 61 болон 86 дахь минутуудад гоол оруулсан бол гэмтлээс эргэн ирээд удаагүй Марко Асенсио мөн гоол оруулжээ.

Испанийн Ла лигийг Барселона 64 оноотой тэргүүлж яваа бол тэдний Реал Мадрид 62 оноотой удаалж байна.

ИТАЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЦОМ

  • Наполи-Ювентус

Италийн хөлбөмбөг эргэн ирэхдээ холбооны цомын аваргаа тодрууллаа. Тус цомын шигшээ шатанд өнөө цагийн Италийн хөлбөмбөгийн хоёр томоохон баг болох Ювентус болон Наполи багууд шалгарсан. Тоглолтын эхнээс л хоёр багууд харилцан довтолж байсан ч үндсэн цаг гоол оруулж чадалгүй, нэмэлт цагт сунгасан. Гэвч нийт 120 минутын хугацаанд ялагч тодорсонгүй. Ингээд торгуулийн цохилтоор холбооны цомын аваргыг тодруулах болов. Наполи багаас хэн нь ч алдаа гаргалгүй бүгд төгс гүйцэтгэлийг толилуулсан бол Ювентус багийн Дибала болон Данило нар торгуулийн цохилтуудаа алджээ. Кристиано Роналдогийн хувьд шийдвэрлэх тав дахь цохилтыг хийхээр төлөвлөсөн байсан ч 4-2 гэсэн харьцаатай Наполи ялалт байгуулсан ажээ.

Италийн хөлбөмбөгийн Сериэ-А лиг ирэх амралтын өдрүүдэд эргэн ирнэ

Наполи багийн дасгалжуулагч Женнаро Гаттузо хөлбөмбөгийн дасгалжуулагчийн хувиар анхны цомоо өргөжээ. Тэрбээр өнгөрөгч арванхоёрдугаар сард Карло Анчеллотигийн ажлыг авч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж