Цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдварын эсрэг дэлхий нийт тэмцсээр хагас жилийн хугацаа өнгөрч буй. Уг вирусийн тархалт нэгдүгээр сард оргил үедээ хүрснээр улс орнуудыг хилээ хааж, хөл хорио тогтоох болсноор худалдаа үйлчилгээний салбарт онлайн худалдааны үйлчилгээг дагасан амар хялбар аргаар мөнгө олох хүмүүс ч олширсон.
Ялангуяа амны хаалт ховрын бараа болох үед ашиг хонжоо хайгчдын гол бизнес нь энэ байв. Фэйсбүүк, нийгмийн сүлжээнд сайн чанарын маск хямд үнээр зарна, ширхэг нь 1000-1500 төгрөг гэх зар олширч, амны хаалт захиалаад залилуулсан олон хүн бий. Бас энэ төрлийн бизнес хийх гээд нэгэндээ их хэмжээний мөнгөө залилуулсан хүмүүс ч цөөнгүй. Тухайлбал,
- БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гарч байв.
- “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын "Estaparma sitcalius" компани руу 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлээд залилуулсан хэрэг мөн л гуравдугаар сард гарч байв.
Энэ мэтчилэн амны хаалт, гар ариутгагчтай холбоотой бизнесийг дагасан луйвраас гадна коронавирус туссан хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн иргэдийг залилах явдал ч гарч байжээ. Товчхондоо коронавируст халдвар эрчээ авсан үед манай улсад цахим залилангийн хэрэг дээрх байдлаар өссөн байна. Статистик мэдээллээс харвал, манай улсад залилангийн гэмт хэрэг сүүлийн дөрвөн жилийн байдлаар тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тодруулбал, залилангийн төрлийн гэмт хэрэг 2017 онд улсын хэмжээнд 2996, 2018 онд 5372, 2019 онд 7821 болж нэмэгджээ. Харин энэ оны таван сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал, залилах гэмт хэрэг энэ оны таван сарын байдлаар 1806 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 594 нэгжээр буюу 24,8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа ч онлайн захиалгын хохирогч болсон иргэд их хэмжээний мөнгөөр залилуулаагүй л бол тэр бүр цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй аж.
Хүмүүсийн хувьд ихэвчлэн онлайнаар харсан бараандаа хууртаж чанаргүй хувцас худалдан авах тохиолдол түгээмэл гэнэ. Гэвч тэр бүр “тоодоггүй” өнгөрдөг нь залилагчдыг улам өөгшүүлдэг болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байв.
ОНЛАЙНААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ БОЛ МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛЭХЭЭС ӨМНӨ НЯГТЛАХ ХЭРЭГТЭЙ
Нийслэийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.НЯМСҮРЭН:
-Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олоё гэсэн сэдлээр залилангийн гэмт хэрэг үйлдэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэг нь олон төрлөөр үйлдэгддэг ч коронавирусийн халдварын дэгдэлтийн үед хил хааж, хөл хорио тогтооход онлайн захиалга ихэссэн. Энэ нь дэлгүүр худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаасантай холбоотой. Онлайн шопоор амны хаалт, гар ариутгагч худалдана, зарна гэж иргэдийг залилсан бол сүүлийн үед онлайн худалдаагаар иргэд чанаргүй бараа худалдан авах тохиолдол бүртгэгддэг. Тухайн худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь хаяггүй, чанаргүй байдаг гэх мэтээр иргэд хохирдог. Цагдаагийн байгууллагад хандахгүй хохирсон тохиолдлууд ч бий. Тиймээс иргэд ямар нэгэн байдлаар хохирсон бол цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авах гэж байгаа бол мөнгөө шилжүүлэх гэж яарахаас өмнө албан ёсны бүртгэлтэй эсэхийг нь шалгах, бараа бүтээгдэхүүн нь хэр баталгаатай гэдгийг хянах хэрэгтэй гэдгийг зөвлөе гэлээ.
Онлайнаар хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, гар утасны худалдааг дагасан залилангийн хэргээс гадна олны танил хүмүүсийн нэр хаягийг ашиглаж сугалаа явуулах зэргээр иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилах тохиолдол ч сүүлийн жилүүдэд гарах болсныг ч бас анхааруулсаар буй. Хамгийн сүүлд гэхэд 18-25 насны гурван залуу нийлж олны танил эрхмүүдийн нэр ашигласан фэйж үүсгэж 150 гаруй иргэнээс нийт 22 сая төгрөг залилжээ. Мөн Баянзүрх дүүрэгт 18 настай охин цахим сүлжээ ашиглан 350 гаруй иргэнийг хохироосон мөнгөн дүн 16 саяд хүрсэн байна. Энэ мэтчилэн сугалаанд азтан болно гэж итгээд бусдад залилуулах, онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалаад түүнийгээ авч чадахгүй байх эсвэл чанаргүй бараа авах зэргээр онлайн худалдааг дагасан залилангийн хэрэг “хяналт”-аас гарсныг ч үгүйсгэх аргагүй.
Б.ЦЭЦЭГ