Тахлын дараах Хятадын төсөв, мөнгөний бодлого | News.MN

Тахлын дараах Хятадын төсөв, мөнгөний бодлого

Тахлын дараах Хятадын төсөв, мөнгөний бодлого

Тахлын дараах Хятадын төсөв, мөнгөний бодлого

Бээжинд цар тахал дахин тархах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор Хятадын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Хятадын Ардын Их Хурлаар 2020 оны төсвийн алдагдлыг өсгөж, 3.6 хувьд хүргэхээр баталжээ. Төсвийн бодлогын хүрээнд тусгай зориулалттай Засгийн газрын бондын арилжаа болон орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд 2020 онд Хятадын Засгийн газар нийт 4-5 их наяд юанийн төсвийн зарцуулалт хийх төлөвтэй байна. Цаашид зээлийн өсөлтөөр дамжуулж, эдийн засгийг тэтгэх арга хэмжээнүүд үргэлжлэх хүлээлттэй байгаа ажээ.

Шинээр олгосон юанийн зээлийн хэмжээ дөрөвдүгээр сард 1.7 их наяд юань байсан бол тавдугаар сард 1.48 их наяд юаньд хүрч хүлээлтээс багаар өссөн байна. Харин Засгийн газрын бонд олголтын квот 2019 онд 2.15 их наяд юань байсан бол 2020 онд 3.75 их наяд юань хүрч нэмэгдэхээр батлагджээ.

Гэхдээ корпорэйт бонд өмнөх сарын түвшнээс мэдэгдэхүйц буурсан байна. Хятадын Ардын Их хурлаас эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний уян хатан бодлого баримтлахаа мэдэгдэв. Хятадын Ардын Банк (ХАБ) энэ онд “Ковид-19”-өөс үүдэн дотоод эдийн засагт ирэх дарамтыг саармагжуулахын тулд бодлогын хүүгээ 0.5-0.6 нэгж хувиар бууруулах хүлээлттэй байна. Түүнчлэн ХАБ зургадугаар сарын 1-ний өдөр 400 тэрбум юанийн квоттой арилжааны банкуудын жижиг ААН-үүдэд олгосон зээлийг худалдаж авах зээлийн шинэ бодлогын хэрэгсэл хэрэглэхээр болсноо мэдэгдэв. Энэхүү шинэ хэрэгслээр дамжуулж ХАБ арилжааны банкуудын олгосон зээлийн 40 хувийг авах боловч зээлийн эрсдэлийг хүлээхгүй, хүүний орлогыг авахгүй нь. Мөн цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг дэмжих зэрэг арга хэмжээ авах хүлээлттэй байна.

Энэ долоо хоногт цар тахлын улмаас Хятадад шатахууны үнэ огцом буурч, эрэлт нь энэ оныг дуустал тааруу хэвээр байна гэж OPEC таамаглажээ.

Газрын тосны үнэ буурснаар дотоодын шатахууны үнэ буурч, инфляцыг бууруулах нөлөө үзүүлсэн байна. Суурь инфляц сүүлийн дөрвөн сарын хугацаанд 1.5 хувиас бага түвшинд хадгалагдаж буй бөгөөд тавдугаар сард 1.1 хувьтай байжээ.

БНХАУ-ын экспорт өнгөрсөн тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар буюу хүлээлтээс багаар буурсан бол импорт 16.7 хувиар агшсан байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил алгуур сэргэж байгаа ч хэвийн түвшинд хүрэх болоогүйг илтгэж байгаа аж. Худалдааны тэнцэл дөрөвдүгээр сард 45.3 тэрбум ам.долларын ашигтай байсан бол тавдугаар сард ашиг 62.9 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ.

ХЯТАДЫН ЭКСПОРТ ӨСЧ, ИМПОРТ СААРАВ

Хятадын экспортын өсөлтөд эмнэлгийн бүтээгдэхүүн хэрэгслүүдийн экспорт 88.5 хувиар, нэхмэл утас, даавууны (үүнд маск багтана) экспорт 77.3 хувиар нэмэгдсэн нь эерэгээр нөлөөлсөн байна. Харин хувцас, гоёл чимэглэлийн экспорт 27 хувиар, тоглоомын экспорт 10 хувиар тус тус буурчээ. Хэдийгээр өнгөрсөн тавдугаар сард түүхий нефтийн импортын биет хэмжээ 19.2 хувиар, төмрийн хүдрийн импортын биет хэмжээ 3.9 хувиар тус тус өссөн ч нефтийн үнэ тавдугаар сард 30 хувиар унаж, байгалийн хийн импорт буурсан нь тайлант хугацаанд Хятадын импорт агшихад голлон нөлөөлсөн байна.

Хятадын инфляц өнгөрсөн сард хүнсний үнэ алгуур саарч буйтай холбоотойгоор үргэлжлэн буурчээ. 2020 оны дөрөвдүгээр сард 3.3 хувиар нэмэгдсэн ХҮИ тавдугаар сард хүлээлтээс доогуур 2.4 хувиар нэмэгдсэн байна. Хүнсний инфляцыг өсгөх нөлөө үзүүлсээр байгаа гахайн махны үнийн өсөлт гуравдугаар сараас хойш алгуур саарчээ. Тухайлбал, гахайн махны үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 117 хувиар өссөн бол тавдугаар сард өсөлтийн эрч бага зэрэг суларч 93 хувиар өсчээ. Хүнсний үнэ дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.8 хувиар өссөн бол тавдугаар сард 10.6 хувиар өсч, өсөлтийн хурд саарсан байна.

Хятадын үйлдвэрлэгчдийн үнийн индекс (ҮҮИ) тавдугаар сард хүлээлтээс доогуур 3.7 хувиар буурчээ. Гадаад эрэлт төдийлөн нэмэгдээгүй, түүхий эдийн эрэлт бага байгаа нөлөөгөөр тус индексийн хүнснээс бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ үргэлжлэн буурсан байна.

Төмрийн хүдрийн үнэ тавдугаар сард оны өмнөх үеэс 8 хувиар буурчээ. Газрын тос, байгалийн хийн үнэ өмнөх оны мөн үеэс 57.6 хувиар буурсан боловч газрын тосны үнэ эргээд нэмэгдэж эхэлснээр ҮҮИ-ийг бууруулах дарамт багасах төлөвтэй байгаа аж. Хятадын автомашины үйлдвэрлэлийн үнэ 20 дахь сардаа үргэлжлэн буурч, тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурчээ. Хятад Улс гахайн махны хэрэглээг орлуулах бүтээгдэхүүн бэлтгэх арга хэмжээ авч байгаа аж. 2020 оны дөрөвдүгээр сард Азийн улс орнууд руу экспортолсон Бразилын үхрийн махны экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсч, 84,000 тонн хүрчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж