Оросыг зорих цэргүүд халдвар тээхгүй гэх баталгаа бий юу?

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Оросыг зорих цэргүүд халдвар тээхгүй гэх баталгаа бий юу?

Оросыг зорих цэргүүд халдвар тээхгүй гэх баталгаа бий юу?

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн  коронавирусийн халдварын 201 тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдлуудын  ихэнх нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм.  Хамгийн сүүлд гэхэд өчигдөр /2020.06.18/ Алтанбулаг боомтоор орж ирсэн дөрвөн тээврийн жолоочид халдвар илэрсэн бөгөөд  ОХУ-д сүүлийн 24 цагт 7843 хүн шинээр халдвар авч Монгол Улстай хил залгаа бүс нутгуудад өвчлөл асар өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.  Тиймээс шаардлагагүйгээр голомтын бүс нутгууд, шинэ коронавирусийн халдвар илэрсэн орнууд руу аль болох зорчихгүй байхыг сануулж буй.  Хэдийгээр Монгол Улс  бусад орнууд руу хийх нислэгүүдийг цуцалж, хорио цээр тогтоосон ч монголчууд албан шугамаар  гадагшаа явсан хэвээр.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлсэн бөгөөд энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон.

Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон байна.

ОХУ-ын БХЯ-наас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн  коронавирусийн халдварын шинжилгээ авч, халдваргүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувиллын газарт байрлаж, цэргийн парадын бэлтгэлдээ гарчээ. Түүгээр зогсохгүй олон улсын цэргийн тэмцээн мөн ОХУ-д зохиогдохтой холбоотойгоор манайхаас мөн л цэргүүд тус улсыг зорихоор бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. 

Коронавирусийн халдвар хүрээгээ улам тэлж өндөр хөгжилтэй орнууд барьц алдан тэвдэж буй энэ үед монгол цэргүүд халдварын голомт руу зорчиж буй нь өөрийгөө болон эх орноо эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн харах хүмүүс цөөнгүй бий.

Улмаар ялалтын парадад оролцохоор очсон монгол цэргүүд халдвар зөөвөрлөөд ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Харин үүнд хариулт өгөх албаныхан олдсонгүй.

Коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлуудын тоо нэмэгдэж байгаа ч, Монголд одоогоор халдвар бүртгэгдээгүй байгаа нь төр засгийн болон иргэдийн хүчин зүтгэлтэй холбоотой. Ийм байхад Монгол Улсын Батлан хамгаалахын салбар нь хүн амын аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудалд яагаад нухацтай хандсангүй вэ. Хэдийгээр өндөр хяналт дор цэргүүд жагсаал, тэмцээнд оролцоод ирэх ч халдварын тархалт өндөр байгаа ОХУ-аас халдвар тээгээд ирэхгүй гэх баталгааг тус улсын Ерөнхийлөгч Путин болон холбогдох албаныхан хариуцна гэж лав байхгүй.

Хэрэв коронавирусийн  халдвар дотооддоо  бүртгэгдвэл маш хүнд нөхцөл байдал үүснэ. Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө бид хангалттай харсан. Чухам ийм байхад яагаад ийм шийдвэр гаргав, улс орны нэр хүнд, монгол цэргийн авьяас чадварыг сорих нь чухал нь дэлхий нийтээрээ өвдөг сөхөрч байгаа энэ өвчний голомт руу төрийн шийдвэр хэмээн цэргүүдээ "хөөж" явуулах нь зөв үү. Хэрэв тэдний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ, Н.Энхболд сайд аа. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж