Дэлхий нийтийг нөмрөөд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь амны хаалт зүүх. Агаар дуслын замаар дамждаг уг халдварын тархалт одоо ч буураагүй, вакцин гараагүй нөхцөлд амны хаалт зүүж гараа тогтмол угаахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй. Үр дүнд нь өвөлдөө ханиаднаас салдаггүй, зундаа гэдэсний халдварт өвчнөөр шаналдаг дүр зураг мартагдсан гэхэд хилсдэхгүй.
Коронавируст халдвар эрчээ авсан үеэс буюу энэ оны нэгдүгээр сараас хойш ханиад, томууны тархалт оргил үеийнхээсээ 90 орчим хувиар буурч, гэдэсний халдварт өвчин бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистикаас харж болно.
Тодруулбал, улсын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 18-19 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байсан нь саяхан. Харин эдүгээ энэ үзүүлэлт 1.8 хувьд хүрэхгүй байна. Энэ оны эхний таван сарын байдлаар гэхэд халдварт өвчин 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар багасжээ. Үүнд салхин цэцэг 3918, цусан суулга 1047, гар, хөл, амны өвчний тохиолдол 606-гаар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
ТООН БАРИМТААС ХАРВАЛ,
Манай улсын хувьд нэгдүгээр сараас эхлэн эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн төдийгүй коронавируст халдварын сургаар иргэд нь амны хаалт зүүж, гараа тогтмол угааж хэвшисний бодит үр дүнг харуулж буй.
Цаашид ч энэ хэвээрээ, ариун цэврээ тогтмол сахиснаар халдварт өвчинд дарлуулахгүй аж. Нэг үгээр хэлбэл, амьсгалын замын халдварт өвчин өмнөх жилүүдэд байгаагүйгээр буурсан нь "covid-19" халдварын "ач" гэхэд хилсдэхгүй.
Харин эсрэгээрээ цар тахлын оргил үед бэлгийн замын халдварт өвчний тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, он гарснаас хойш ХДХВ, ДОХ-ын шинээр долоор тохиолдол нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад гурван тохиолдлоор илүү байгаа юм. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон бол мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар, гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ