Одоогоос гурван жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 авто машины багтаамжтай авто зогсоол нээлтээ хийж байсан. Уг зогсоол нь анх иргэдэд үнэгүй үйлчилнэ гэж байсан ч яваандаа тус газар нь нийтийн эзэмшлийн талбай бус хувийн өмч болж таарсан учраас Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус авто зогсоолыг эзэмшдэг “Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Улмаар дээрх газрыг чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур барина гэдгээ хотын дарга мэдэгдэж байв. Тэрхүү усан оргилуур нь иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулж, хэл ам, шүүмжлэл багагүй дагуулсан Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэн юм.
Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ оны нэгдүгээр сарын 20-нд захирамж гарган, Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур барьж, ногоон байгууламжийг нь сэргээн засварлах ажилд нийтдээ 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Харин нөгөө талдаа Улаанбаатар хотод улаан шороогоороо эргэж буй газар олон. Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэг бол хамгийн тохижилт сайтайдаа орно. Ийм газар хэдэн жилдээ гар хүрэх шаардлага байхгүй ч усан оргилуур барих нь араасаа олон хардлага ч дагуулж эхэлсэн гэхэд буруудахгүй.
Үнэндээ ч дэлхий дахинаараа Covid-19-өөс яаж сэргийлж, хохирол багатай даван туулах вэ гэдэгт анхаарал хандуулж, онцын шаардлагагүй хөрөнгө оруулалтын ажлаа царцааж байхад Улаанбаатар хот 3.2 тэрбум төгрөгөөр хөгжимтэй усан оргилуур барилаа гээд Covid-19-өөс сэргийлж чадах уу гэхчлэн шүүмж их бий.
Тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил нь эхэлсэн энэхүү усан оргилуур нээлт хийхгүйгээр Бямба гаригаас иргэдэд үйлчилж эхэлнэ. Уг нь Нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна гэж байсан ч ашиглалтад оруулахаас өмнө урьдчилж хэд, хэдэн удаа шалгаж, турших, нөгөө талаар олон хүн бөөгнөрүүлэхгүй, сонгуулийн санал хураалтын өмнө хэл ам татахгүй байх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүлээлгэн өгөх учраас нээлт хийх хугацааг хойшлуулжээ.
ХҮҮХЭД ХУУРАЙЛАХ ӨРӨӨ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ӨРӨӨ, ОРЧИН САЙТАЙ БИЕ ЗАСАХ ӨРӨӨ БИЙ
Нийслэлийн хот тохижилтын газрын тохижилт үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуун “Энэхүү тохижилтын ажлын хүрээнд хөрсийг нь сийрэгжүүлэн зүлэгжүүлж, хөгжимт усан оргилуур байгуулж, хоёр ширхэг нийтийн бие засах газар, 40 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан. Хоёр талдаа баригдаж буй нийтийн бие засах газарт нэг удаадаа тус бүр 35 хүн ашиглах боломжтой. Орчин үеийн хүүхэд хуурайлах өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өрөө, орчин сайтай бие засах өрөө гээд бүгдийг багтаасан байгууламжууд байгаа. Өмнө нь байсан нийтийн бие засах газар “эко” гэсэн тодотголтой байсан учир зөвхөн бохирыг нь соруулж авдаг байсан. Зөөврийн усаар цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийдэг ганцхан нийтийн бие засах газар байсан. Энэ нь талбайдаа хүрэлцэхгүй, стандартын шаардлага хангаагүй нийтийн бие засах газар байсан гэж хэлж болно. Одоо бол бохир, халуун, хүйтэн, цэвэр ус гээд төвийн шугамтайгаа холбогдсон, стандартын байгууламжтай болсон” гэв.
УСАН ОРГИЛУУРАА АЖИЛЛУУЛАХ НЭРИЙН ДОР ХАЛДВАР ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМИЙГ УТГААР НЬ АЛДАГДУУЛАВ
Харин гурав хоногийн өмнө нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бүтээн байгуулалтынхаа туршилтыг шөнө оройн цагаар хийж, усан оргилуураа ажиллуулах нэрийн дор халдвар хамгаалалтын дэглэмийг утгаар нь алдагдуулав.
Уг нь хөл хорионы дэглэмийн үед иргэд хоорондоо 1.5-2.0 метр зай барьж, амны хаалт зүүх ёстойг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж сэрэмжлүүлсээр байгаа. Тэр ч бүү хэл Улсын онцгой комиссоос олноор нь хүн цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сануулсан.
Ойрын хэдэн жилд шинэ байгууламжийн бараа хараагүй нийслэлчүүд усан оргилуурыг харахаар хөл хорионы дэглэмийг умартан төв талбайд цуглан хоёр метр битгий хэл хоёр см зай аваагүй, элэг, бөөрөөрөө наалдсан дүр зураг нь цахим хуудаснаа багагүй шүүмжлэл дагуулсан.
Тэгвэл өнөөдөр болох арга хэмжээнээс болж ямар нэгэн эрсдэл гарвал хэн хариуцлага хүлээх вэ.
Сүхбаатарын талбайн урд усан оргилуур туршилт
ШУУД: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын туршилт
Posted by Нийслэлийн мэдээ on Tuesday, June 16, 2020
Э.БУРАМ
Холбоотой мэдээ