Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.19-нд нийтлэгдсэн

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй

Ц.Магалжав: Энэ жилийн наадамд Э.Оюунболд барилдах боломжгүй

Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа


-Урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Цагаан сарын барилдааныг УОК-ын шийдвэрээр хориглосон. Харин наадмын бөхөө барилдуулахаар боллоо, гэхдээ үзэгчгүй. Бөхчүүд энэ шийдвэр хэр хүлээж авсан бэ?

-Энэ жилийн наадам цар тахлын дэгдэлттэй таарч байгаа тул хязгаарлагдмал орчинд, Улаанбаатар хотоос 80 километрын зайд орших Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зохион байгуулагдана. Энэ нь олон хүнийг бөөгнөрүүлэхгүй, наадамчин олны дунд эрсдэлтэй байдал үүсгэхгүйн тулд хийж байгаа ажил байх. Нөгөө талаас нь харвал наадам олон жил нэгэн хэвийн хэвшмэл байдалтай байсныг өөрчилж үзье гэсэн санаа байж болно. Техник, технологийн дэвшлийг ашиглан Монгол наадам, Монгол үндэсний бөхийг олон нийтэд, дэлхийн дахинд сурталчлах боломж гэж зохион байгуулагчид үзэж байгаа хандлагатай  байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгээс жижиг талбайд зохион байгуулагдах бөхийн барилдааныг чанарын өндөр түвшинд олон талаас нь бичиж бөхийн барилдааныг илүү ойроос үзэгчдэд харуулахаар зорьж байгаа.

Ер нь Монгол наадмын бүтэн бичлэг архивт хадгалагдаж байгаагүй юм билээ. 512 бөх улсын их баяр наадамд зодоглох бол аймгийн наадамд 128 бөх, сумын наадамд 64 бөх тус тус зодоглох ба Үндэсний их баяр наадам улс орон даяар ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа.

-Бөхийн барилдаан Төв цэнгэлдэхэд биш  13-р зуун цогцолбор жуулчны баазад болно гэсэн шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргалаа. Тэнд бөх барилдах боломж хэр вэ. Иргэдийн хувьд үүнийг эсэргүүцэж байна?

-Монголын наадмыг сурталчлан таниулж байгаа учир хиймэл зүлэг дэвсэхгүй, бөхийн барилдааны талбай тэгшхэн, байгалийн зүлгээрээ байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

-Бөхийн холбооны зүгээс бөхчүүд болон бөхийн галуудад ямар зөвлөмжийг өгч байгаа вэ?

-Үндэсний бөхийн салбар хорооноос холбоонд чиглэл өгч байгаа. Нийслэлээс зайдуу наадам болох учир хувийн бэлтгэлээ сайн хангах, бөхийн галуудаас нэг багш, дасгалжуулагчид наадмын талбайд орох мандат өгнө гэж заасан. Бөхийн галуудад баяр наадмын бөхийн салбар хорооныхон очиж яриа таниулга жил бүр хийдэг.  Нэгдүгээрт допинг, сэргээштэй холбоотой, хоёрдугаарт засгийн газраас 2018 онд баталсан баяр наадмын бөхийн барилдааны дүрэм гэж бий, үүнд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулдаг. Энэ жилийн хувьд дотооддоо цар тахлыг алдаагүй учир бөхийн галууд хэвийн бэлтгэл, сургуулилтаа хийж болно.

-Улсын их баяр наадамд зодоглох бөхчүүдээс шинэ коронавирусийн шинжилгээ авна гэсэн. Хэзээнээс авах юм?

-Одоогоор энэ асуудал яригдаж байгаа. Дотооддоо цар тахал алдаагүй мөн гадаадаас ирж буй хүмүүсийн давтан шинжилгээний хариу яаж гарах вэ гэдгээс шалтгаалах учир яг эцэслэн шийдвэр гараагүй. Нөхцөл байдал хэвийн үргэлжилвэл бөхчүүдийг нарийвчилсан шинжилгээнд хамруулахгүй, халууныг нь үзэж барилдуулах боломжтой гэж үзэж байгаа.

-Улс, аймаг, сумдын наадмын цолонд өөрчлөлт орох уу?

-Яг л баяр наадмын тухай хуульд зааснаараа барилдаан явагдана. Аймгийн наадамд 128 бөх барилдах тул аймгийн харцага цол авах бөх гарахгүй гэсэн үг.

"БӨХ ХҮНИЙ ХУВЬД НААДАМ ТАСРАХГҮЙ БАЙГААД ТАЛАРХАЛТАЙ  БАЙНА"

-Саяхан харцага, начин цолтнуудын халз барилдаан үзэгчгүй зохион байгуулагдлаа. Нэг тийм уран гоё, хурц барилдаан гарахгүй байгаа ч юм шиг санагдсан. Та бөх хүний хувьд хэлэхэд үзэгчгүй барилдах нь бөхчүүдэд хэр нөлөөлдөг вэ?

-Ард түмэн, үзэгчид бол Монгол бөхийн барилдааны салшгүй нэг хэсэг. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарч буй цар тахлын улмаас үзэгчгүй хийхээр шийдвэрлэсэн. Бөхчүүдийн хувьд ийм нөхцөлд наадамд барилдаж байгаагүй тул мэдээж  сэтгэлзүй өөр л байх болов уу. Бөх хүний хувьд наадам тасрахгүй байгаад талархалтай  байна. Учир нь Монгол наадам өмнөх 20-р зуунд ганц удаа л тасарсан байдаг, энэ нь 1920 он. Энэ нь 1919 оны наадмын дараа буюу 10-р сард харь улсын цэрэг хүч түрэмгийлэн ирж Монгол Улсын автономит эрхийг үгүй хийж 1920 онд цагаан сар, наадамгүй өнжсөн байдаг. Энэ байдал нь 1921 оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэнг бид бүгд мэднэ. Ер нь Монгол бөхийн оноо данс 1837-1912 оны сүүлийн Даншиг наадам, Г.Вандан аваргын үе буюу 1913-1919 оны Арван засгийн наадмын данс бүртгэл байдаг. Харин 1920 оны наадмын бөхийн барилдаан гэж тэмдэглэгдээгүй нь дээрх үймээн самуунтай холбоотой болов уу даа. 1921 оны зургадугаар сард Сэлэнгийн Алтанбулагт Солдат толгой гэдэг газарт 96 бөх барилдаж одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Данигай” хэмээх Дугаржавын Дамдин түрүүлж мөн хошууны Бат-Очир начин үзүүрлэж Орхонтуулын В.Гоонос гэдэг бөх шөвгийн гуравт үлдсэн. Энэ наадамд сурын харваа болоогүй мөн Төр засаг, цэргийн удирдлага болох Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар байгаагүй гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Харин  долдугаар сарын 11-ны өдөр Хүрээнд ард олон морин цагт цуглаж хоёр насны морь уралдуулж, 124 бөх барилдаж Засагт ханы Сартуул гүний хошуу одоогийн Завхан аймгийн “Солгой” хэмээх Сундуй заан долоо давж түрүүлэн, Түшээт ханы Буянтогтох начин, Сайн ноён ханы хоёр бөх болох  “нохой” хэмээх Гомбо, “хэрээ” хэмээх Дэмбээ нар шөвгийн дөрөвт үлджээ гэж бөхийн оноо дансанд бичигдсэн байдаг. Сурын харваанд Д.Сүхбаатар жанжин 20 сумаас 20 онож түрүүлсэн гэж Партизан Ж.Дамдин гуай Монгол бөх номондоо бичиж үлдээсэн байдаг. Үүнээс харахад бидний өвөг дээдэс эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг зүйлээ олж авсан, их хөөр баяраа  богинохон цагт ч болтугай тэмдэглэн ирсэн нь харагддаг. Монгол хүн билгээр гэдэг дээ. Үүнийг төр засгаас бодолцож баяр наадамаа өнжөөхгүйгээр зохион байгуулж байгаа байх.

"ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ МАРГААН БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО"

-Монгол бөхийн холбоо хамгийн их хэл ам, хэрүүлтэй газар. Хоёр хуваагдаад "Бөхийн өргөө"-гөө булаацалдаж зодолдоод Л.Чинбат, Б.Бат-Эрдэнэ гэсэн хоёр тэргүүнтэй болчихсон байсан. Байдал одоо намжсан уу?

-Аль 2002 оноос эхэлсэн холбооны маргаан 17 жилийн дараа буюу 2019 оны есдүгээр сард маргалдаж байсан талууд болох “Гацуурт” ХХК-ийн захирал Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, Дархан аварга А.Бат-Эрдэнэтэй уулзаж, Л.Чинбат захирал өөрт байсан тамга, гэрчилгээг хүлээлгэн өгч, нэгтгэн бөхийн холбоог тойрсон асуудалд цэг тавьсан. Хоёр холбоо бий болоод байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Л.Чинбат тэргүүнтэй, холбооны  цэцдийн зөвлөлийн дарга нь Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гуай байсан бол манай холбооны Цэцдийн зөвлөлийн дарга буюу ТУЗ-ийн дарга нь Г.Өсөхбаяр аварга одоо байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга маань ажил, үүргийн байдлаасаа шалтгаалан өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр бөхийн холбооны тэргүүний албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Хоёр цэцдийн зөвлөлийн дарга бид хамт уулзаад Цэцдийн зөвлөлийн хурал, үүнээс товлогдох "Их-эе" хурлыг даруй хийхээр төлөвлөж байгаа.

Одоо үндэсний бөхөд маань энэ холбооны асуудлаар ямарч маргаан байхгүй гэж үзэж болно

– “Их-Эе” хурал цар тахалтай холбоотойгоор хойшлогдсоор байгаа.Хурлаа хэзээ хийх санаатай байна. Үндэсний бөхийг шинэчлэл үгүйлэгдсээр байгаа. Таныг энэ шинэчлэлийг хийж чадна гэсэн хүлээлт бөх сонирхчдын дунд бий?

-Холбооны удирдлагын маргаанаас болж олон жил зөрчил үүсч ирсэн. Одоо холбоо маань "Их-эе" хурлаа цар тахлын дараа өндөр ирцтэйгээр хийж, бид дараагийн залуучууддаа ямар нэгэн маргаан үймээнгүй, дүрэм журам нь цаг үетэйгээ нийцсэн үлгэр жишээ холбоог бий болгоход бүгд анхааран оролцох хэрэгтэй. Энэ холбоог, энэ Бөхийн өргөөг бий болгоход өмнөх ахмадууд их хичээж ирсэнг бид ойлгож л явна. Одоо бидний үүрэг үүнийг нь хууль дүрмийн дагуу цэгцэнд нь оруулаад өгөх. Ганц бөхийн нэр хүнд ч унаад байгаа биш, монголд бүх л салбар уналтын байдалтай байна. Сайн нэртэй зүйл ч ховор болж, шүүмжлэлийн давалгаа бүх улс орон даяар нөмөрсөн. Үүнийг бөхчүүд маань сайн ойлгож байгаа, яагаад гэвэл тэд бусад салбарынханаас арай илүү хүндлэлийг мэдэрч ирсэн. Уулзсан, таарсан ахмад, дунд, залуу бүх л бөхчүүд маань одоо маргаан зөрчил гэж зүйлийг байхгүй болгоё, үүнд бүгд хичээе гэж байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард бөхчүүд холбоондоо шаардлага тавьсан. Тэд допинг, сэргээштэй нэр холбогдсон 38 бөхийн нэрсийг ил зарлахыг шаардсан. Энэ  асуудал яагаад таг болчихов. Э.Оюунболдын асуудлаас болсон уу?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд нэр бүхий бөхчүүд 262 бөхийн гарын үсэгтэй бичгийг үндэсний бөхийн холбоонд авчирч өгсөн. Энэ бичигт хоёр зүйлийн тухай дурдсан. Нэгдүгээрт цэцдийн зөвлөлийн хурлаа зохион байгуулж “Их-эе” хурлыг зарлуулах, хоёрдугаарт нь допингтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг шаардсан. Хурлууд бол цар тахлаас болж хойшлогдоод байна.

Допингтой бол холбоо эвлэрэхгүй. Шударга бус зүйл ер байж болохгүй. Олон нийтийн сүлжээнд “38 нэр бүхий бөх допинг, сэргээштэй холбогдсон бөгөөд хэргийг АТГ шалгаж байна” гэсэн мэдээ гарсны дагуу өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр АТГ-т шалгаж байгаа хэргийн мөрдлөгөд нөлөөлөхгүй бол тодруулга өгөөч гэсэн хүсэлт илгээхэд АТГ-ын зүгээс гуравдугаар сарын 6-нд хариу мэдэгдлийг явуулсан.

Тус газрын зүгээс “Допингтой холбоотой хэргийг хянан, шалгаж байгаа тул тодорхой мэдээллийг өгөх боломжгүй байна” гэсэн хариуг явуулсан. Одоо л допинг гэж зүйлийг дарж авахгүй бол хэзээч арилахгүй зүйл болно.

-Сая шүүх  Э.Оюунболдод холбогдох хэргийг хянан үзээд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзсэн.  Баяр наадмын комисс түүний барилдах эрхийг хоёр жилээр хасч, цолыг нь хураах шийдвэр гаргасан. Гэхдээ Ерөнхийлөгч зарлиг гаргаж энэ асуудлыг эцэслэнэ. Хэрвээ Э.Оюунболдын асуудал нэг тийшээ шийдэгдэж чадалгүй улсын их баяр наадамтай золговол түүнийг барилдуулах уу?

-Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдааны тухай хууль гээд засгийн газар 2018 онд баталсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн  заалтуудыг оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй.

– Э.Оюунболдын давааг хүчингүйд тооцож, түүнд унасан бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олговол бөхчүүдийн эрэмбэ хэрхэн өөрчлөгдөх вэ?

-Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгч л зарлиг гаргаж бөхчүүдэд цол олгож, мөн цолыг нь хураадаг.

"МОНГОЛ НААДАМ МААНЬ БОЛДГООРОО САЙХАН БОЛОХ БАЙХ"

-Допингтой нэр холбогдсон бөхчүүд орон нутгийн наадамд барилдсан гэх хэрэг гарсан. Үүн дээр бөхийн холбоо ямар арга хэмжээ авсан бэ?

-Биднийг холбооны ажлыг авахаас өмнө хуучин удирдлагууд заал танхимын барилдааны үед допингийн шинжилгээ авсан. Энэхүү шинжилгээгээр таван бөх допингтой холбогдож, хоёр жилээр эрхээ хасуулсан. Яг энэ үетэй үндэсний бөхийн холбооны маргаан давхцсан учир маргалдаж байгаа нөгөө тал маань шүүхэд хариуцагч болж орсон. Үүнээс болж бас л маргаан болсныг та бүхэн мэдэж байгаа. Маргаантай үед холбооны байдал суларсныг ашиглаж 5 бөхөөс 3 бөх нь орон нутгийн барилдаанууд барилдсан. Энэ бол хувь хүний ухамсарын асуудал л даа. Хариуцлагаа нэгэнт хүлээсэн хүмүүсийг одоо яриад яахав 2019 оны арванхоёрдугаар сараас эдгээр бөхчүүд эрхээ хасуулсан хугацаа нь дуусаад эргэн барилдах боломжтой болсон.

-Ард иргэдийн бөхчүүд найраа хийдэг гэж ярьдаг. Таны хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна?

-Хүн хоорондын харилцаа л болсон хойно багш нь шавийгаа, нутгийн ах нь нутгийн дүүгээ дэмжих тохиолдолууд өмнө нь байсаар ирсэн. Одоо байж ч байна. Үүнийг худал гэхгүй. Илт худал барилдаануудад үзэгч олон дургүйцдэг. Ийм барилдааныг л бага болгох хэрэгтэй байхдаа.

Гурван жилийн өмнө байх С.Мөнхбат аварга найз Ө.Бат-Орших гарьдад долоогийнн даваанд элэг бүсээ тайлаад өгснийг ард түмэн учиргүй их шүүмжлээгүй л байх. Буруутгаад байхад ч хэцүү.

Харин үзэгчид бол өмнөх жилийн наадмын С.Батсуурь аварга С.Мөнхбат аваргыг долоогийн даваанд амлаж яс барилддаг шиг барилдааныг хүсээд байдаг. Олон сайн залуучууд өрсөлдөж байна, цаашдаа ч төрөн гарна, тэгэхээр тэнцүү өрсөлдөөний дүнд найраа гэдэг зүйл уг нь шахагдсаар л байна. Одоо улсын цол авч байгаа залуучууд нь ид барилдаж буй аварга арслангуудаа давж цол авдаг болж байгаа нь үүний илрэл нь юм даа.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та наадамчин, олондоо хандаж үг хэлээч.

-Монгол наадам маань болдгоороо сайхан болох байх, маргаан будлиангүй сайхан барилдаан, наадам болоосой, бөхийг шимтэн үздэг, бөх сонирхогч ард олон минь эрүүл энх байж, сайхан наадаарай гэж хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж