Ромын Пап Фрэнсисийн хип хоп пооз

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Ромын Пап Фрэнсисийн хип хоп пооз

Ромын Пап Фрэнсис саяхан Төв Африкийн бүгд найрамдах улсын нийслэл Бангид айлчлахдаа мусульманы сүмд зочилж, сургааль айлджээ. Пап хэлэхдээ “Христ, мусульман шашинтнууд бол эгч дүүсээс ялгаагүй” хэмээгээд хүмүүсийг нэг нэгэндээ эгч дүүс шиг хандахыг уриалсан юм. Гэвч Ромын Папын хэлсэн үгнээс илүү түүний хип хоп пооз рэпперүүдийн анхаарлыг татаж, цахим ертөнцөд  тэр дорхноо л таржээ. Пап Фрэнсис микрофоноо яг л Jay Z, Snoop Dogg, Vanilla Ice нар шиг барьсан байсан нь рэпперүүд болон битбоксчдыг санагдуулсан тул хип хопчид түүний зургийг олон мянган удаа шейрлэн тараажээ. Зарим нь Пап Фрэнсисийн зургийг дуучин Эминемд хүртэл шейрлэсэн гэнэ. Пап Фрэнсисийг рэп жанраар оролдвол өмнөхөөсөө илүү амжилт гаргах байж гэх хүмүүс ч байгаа юм. Пап Фрэнсис дуу хөгжимд дуртай нэгэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард шүлгийг нь бичсэн, сургааль маягийн “Сэрцгээ” нэртэй анхны цомгоо гаргасан билээ. Фрэнсис шашны сургуульд сурахаасаа өмнө түр хугацаанд Буэнос Айрес хотын нэгэн шөнийн клубт хамгаалагч байсан ажээ.

Пап Фрэнсис Аргентины уламжлалт милонга хэмээх хөгжмөөр шаггүй тоглодог төдийгүй танго бүжиг бүжиглэх дуртай гэнэ.

Ромын Папуудаас дуу хөгжимд дуртай нь ганц Фрэнсис биш  аж. Ромын Пап XVI Бенедикт бас төгөлдөр хуур тоглодог, бас агуу хөгжмийн зохиолч Моцартын шүтэн бишрэгч байсан бөгөөд залуудаа баян хуур шаггүй тоглодог байсан гэнэ лээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж