Найман уурхайчинг тав хоногийн дараа аварчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Найман уурхайчинг тав хоногийн дараа аварчээ

 

Хятадын зүүн хэсгийн уурхайд нурангид даруулсан найман хүнийг тав хоногийн дараа эсэн мэнд аварчээ. Хятадын Шандун мужийн шохойн уурхайд Зул сарын баярын өдөр нуранги болсноос нэг хүн амь үрэгдэж, есөн хүн сураггүй болжээ. Уурхайн нуралт үүсэх үеэр ойр орчимд нь 4.0 магнитудын чичирхийлэл мэдрэгдсэн тухай Хятадын газар хөдлөлтийг хянах төвөөс мэдээлсэн байна.

 

Уурхайн гүн рүү нарийн нүхээр шургуулсан камерт амьд үлдсэн найман уурхайчин гараар даллаж байгаа бичлэгийг “CCTV” цацсан байна. Олон хоног уурхайн гүнд дарагдсан хүмүүс өлсөж, сульдсаныг эс тооцвол эсэн мэнд байжээ.

 

Осол гарснаас хоёр хоногийн дараа уурхайн эзэн Ма Конбо худаг руу үсэрч амиа егүүтгэсэн аж. Уурхайн ослын хэрэгт Пинъи  хотын дөрвөн албан тушаалтныг ажлаас халжээ.

 

Хятадын уурхайд осол, аваар гарах нь элбэг ч сүүлийн жилүүдэд албаныхан аюулгүй ажиллагаанд анхаарал тавих нь нэмэгджээ. Хятадад өнгөрсөн онд уурхайн ослын улмаас нийт 931 хүн амь үрэгдсэн байна. Үүнээс 12 жилийн өмнө 2002 онд уурхайн ослоор 7000 орчим хүн амь үрэгджээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж