НӨАТ-ын 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй иргэд зургадугаар сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулж, баталгаажуулахыг албаныхан анхааруулжээ. Хэрэв заасан хугацаанд урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дахин олгохгүй гэдгийг анхааруулж байна.
Татварын багц хуулийг шинэчилсэнтэй холбоотой цаашид НӨАТ-ын буцаан олгох урамшууллыг улирал бүр олгох бөгөөд 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олгох урамшууллыг дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжүүлэхээр төлөвлөснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.
Өнгөрөгч 2016 оноос татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний НӨАТ-ын 2 хүртэлх хувийг буцаан олгох, сугалааны тохирлоор урамшуулал олгодог болсон. 2016 онд НӨАТ-ын системд 595 мянган хүн бүртгүүлж байсан бол одоо идэвхтэй хэрэглэгчийн тоо 1.1 саяд хүрээд буй.
Дашрамд, НӨАТ-ын урамшууллын 2020 оны тавдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 21-ний ням гаригт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны тавдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа зургадугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ