Европын холбоо хоёр хоногийн өмнө дэлхийн улс орнууд дахь ардчилал, хүний эрхийн үзүүлэлт ямар түвшинд байгаа талаарх тайлангаа олон нийтэд танилцуулжээ. Тус тайланд дурдсанаар, Монгол Улс 2019 онд ардчиллын 30 жилийн ой дээр хууль эрх зүйн салбарт хэд, хэдэн өөрчлөлтийг хийжээ. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улс нь Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулав. Үүний үр дүнд Монголын улс төрийн систем өөрчлөгдөж, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын дундах хүчний тэнцвэр өөрчлөгдсөн билээ. Мөн монголчууд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох асуудлыг 2019 оны туршид ярьж, мэтгэлцэж өнгөрүүлэв. Тус саналыг 2018 оны Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Хүүхдэд хэрцгий, балмад байдлаар хандах асуудал Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал. Энэ үйлдэлд цаазын ял оноох нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний болон улс төрийн эрхийн пакттай зөрчилдөж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ, Монгол Улс нь ардчиллын тогтолцоо болон хүний эрхийг хамгаалах зэрэг маш чухал асуудлыг хууль эрх зүйн орчныг нь шинэчлэх замаар шийдэх ёстой гэдэг байр сууриа хадгалж чадсан.
Европын холбооны тайланд тусгагдсанаар, Монгол Улсын шүүх засаглалын хараат бус байдал 2019 онд тодорхойгүй байдалд байжээ. Учир нь, 2019 оны гуравдугаар сард УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Шүүгч, АТГ-ын удирдлага болон Ерөнхий прокурорыг солив. Энэ асуудлаар 2019 оны тавдугаар сард НҮБ-ын хүний эрхийн хамгаалагч тусгай элч болон НҮБ-ын шүүх, өмгөөлөгч нарын хараат бус байдлыг хангах тусгай элч санаа зовниж буйгаа илэрхийлэн хамтарсан захидал гаргаж байв.
2019 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай үүргийн төлөөлөгч Монголд ажиллахдаа, Монгол Улс нь хүний эрхийн хамгаалагч нарын хувьд аюулгүй улс хэмээх дүгнэлтэд хүрч байсан. Гэхдээ тэдгээр хүмүүсийг гутаан доромжлох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг саад бэрхшээл буйг цохон тэмдэглэсэн билээ.
Европын холбоо нь хүний эрх, ардчилалтай холбоотой хэд хэдэн чухал чиглэлээр Монгол Улсыг дэмжиж иржээ. Тодруулбал, улс төрийн санхүүжилтийн зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхижуулах, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг дэмжих, эмзэг бүлгийн эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж ирэв.
ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ АВААРАЙ