Яг МОНГОЛ ЯЛСАН уу, Ерөнхийлөгч өө!

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Яг МОНГОЛ ЯЛСАН уу, Ерөнхийлөгч өө!

Яг МОНГОЛ ЯЛСАН уу, Ерөнхийлөгч өө!

Ийм сонгууль үзсэнгүй гэж их олон хүн гайхширч байна. Тийм дээ, урьд өмнөх УИХ-ын долоон удаагийн сонгуулиар өрсөлдөгчдөө хуугаар нь ачаад шоронд хорьж байсан удаа байхгүй юм. М.Энхсайханаас эхэлсэн баривчилгаа Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нараар үргэлжилж байна. Цаашдаа ч баривчилгаа үргэлжилнэ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Орхон аймагт нэр дэвшигч Ц.Нямдорж үнэн хэлжээ. Ж.Эрдэнэбат МАН доторх сөрөг хүчин. Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт нар Хуулийн сайд Ц.Нямдоржийн гол дайсан. С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд сөрөг хүчний хүчтэй өрсөлдөгчид. М.Энхсайхан Х.Баттулгын өнө эртний өстөн. Тавантолгойн гэрээний төслийг боловсруулахдаа Гашуунсухайтын төмөр замын төсөлд аудит оруулна гэсэн биш авто машины хэргээр ял авсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд болсон.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл ажиллагаанд хууль, шүүхийнхэн ил цагаан оролцож, тэрбум, тэрбум төгрөгөөр хуулийн засаглалыг наймцаалцаж байна.  Хэзээ Монголын хуулийнхан дээрээс өгсөн даалгаврын дагуу ажиллахаа больж, хэзээ томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах вэ!

Сүхбаатар дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатаас 10, С.Баярцогтоос 10, Да.Ганболдоос 10, С.Баяраас 5, Бямбасайханаас  2 тэрбумын барьцаа нэхэж, "мөнгөө төл, эсвэл шоронд суу" гэсэн сонголт тулгаж буй. Гэвч, хууль бол талх биш. Талхыг зардаг болохоос хуулийг зарж амьдардаггүй юм.

Монголын шүүхийн практикт шүүгдэгч нараас 10 тэрбумын барьцаа нэхсэн тохиолдол урьд өмнө нь байгаагүй юм. Харин өнөөдөр 10 тэрбумаар "хүний эрхийг" үнэлж байна. Арван тэрбум төгрөгтэй бол Монголын шүүхийг худалдан авч чадна. Ийм л ойлголт иргэдэд төрсөн.

Парламентын сонгууль эхлэхтэй зэрэгцээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гарган, ердөө нэг жилийн өмнө томилж байсан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг шалтгаангүйгээр чөлөөлж, оронд нь Д.Ганзоригийг томилсны учиг олон нийтэд одоо ойлгомжтой, ил тод болж байна. Товчхондоо, Монголд өнөөдөр парламентын сонгууль биш тогтолцооны сонгууль явагдаж байна. Парламентын засаглал хүчтэй юу, шүүхийн засаглал нь хүчтэй юу! Ард түмэн том уу, Ерөнхийлөгч  том уу.  Монгол ялах уу, шүүх ялах уу!

“С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Сайханбилэг нар Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан луйварчид”. Ийм гүтгэлгийг эртнээс цацаж, иргэдийн толгойг угааж, хөрсөө бэлтгэж байгаад парламентын сонгуулийн өмнө тэднийг баривчилсан нь ердөө “захиалгат” ажиллагаа.  Энэхүү захиалгат ажиллагааны ард Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж буй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван хүн ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хоригдож байгаа. Энэ тавилан уу, тохиолдол уу, зориудын давхцал уу, зохиомол улс төр үү!

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 онд хоёр сар шахам хорьсон. Одоо ч Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй байгуулсан гэх хэрэг нь үргэлжилсээр сүүлдээ үндэслэлгүй баяжсан гэх үндэслэлгүй “хэрэг” тохоод тэрбум, тэрбум төгрөгөөр хуулиа зараад сууж байна, манай “шударга” шүүх. Парламентын сонгуультай давхцуулан Оюутолгойн гэрээтэй холбоотой бүхнийг толгой дараалан баривчилж, Монгол Улсын төрийн дээд албан тушаал хашиж байсан болгоныг барьж хорьж байгаа нь гадаад, дотоодын геополитик байж мэднэ. Улс төрийн хэлмэгдүүлэлт угаасаа ингэж эхэлдгийг түүх гэрчилнэ.

Д.Чагдаржав, Д.Бодоо, А.Амар. П.Гэндэн гээд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан олон хүн улс төрийн хилс хэрэгт холбогдон амиа алдаж байсан их хэлмэгдүүлэлтээс хойш  зуун жил ч болоогүй байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ муу хийгдсэн бол С.Баярын Засгийн газар танхимаараа хариуцлага хүлээх учиртай. Оюутолгойн гэрээ байгуулах чиглэл өгсөн, хэлэлцэж баталсан Д.Дэмбэрэлийн парламентынхан бүгд шоронд ачигдах ёстой. Тэр үед С.Баярын танхимын Хууль, зүйн сайд нь Ц.Нямдорж,  Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд нь Х.Баттулга байсан.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө Монголд ашиггүй гэж үзэж байгаа бол Ч.Сайханбилэгийн танхим бүхэлдээ хариуцлага хүлээх ёстой. Оюутолгойн төслийн гацааг арилгаж, хэлэлцээр хийх даалгавар өгсөн З.Энхболдын УИХ ч буруутай. Өнөөдөр шорон руу ачигдаад явж байгаа Б.Бямбасайхан, Да.Ганболд нар УИХ, Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу ажлаа хийсэн гүйцэтгэгч хүмүүс. Тэдэнд шийдвэр гаргах, чиглэл өгөх эрх байгаагүй. Харамсалтай нь даалгасан нь биш дааж авсныг нь шоронд суулгадаг  улс төрийн махны машин ажилдаа орсон байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр ч сайд байсан. Энэ гэрээ бол барууны орон Монголд өмнө нь хийж байгаагүй, хожим үл хийгдэх анхны том гэрээ” гэж хэлдэг.

Үнэн л дээ, Оюутолгой бол Монголын эдийн засгийг дэлхийн том хөрөнгө оруулагчдаар хамгаалуулсан тусгаар тогтнолын баталгаа болсон төсөл. Гэрээ хэрэгжиж эхэлсэн 10 жилийн хугацаанд Оюутолгой төсөл Монголын эдийн засагт нийт 10 тэрбум ам.долларыг оруулж иржээ.

Зөвхөн 2019 онд 564 үндэсний компанитай хамтран ажиллаж, 431 сая ам.долларын худалдан авалт хийж. Тэнд ажиллаж буй 17 мянган хүний 94 хувь нь монголчууд. Энэ мэт хэдхэн тоо шүүрдэхэд л Оюутолгойн гэрээ Монголд ашигтай үгүйг мэдчихэд амархан.

Хамгийн эмгэнэлтэй нь, гэрээнд оролцсон хүмүүсийг нийгмийн хог шаар болгох процесс олон жил үргэлж эсрэгээрээ энэ төслийг эсэргүүцдэг нь эх оронч болж хувирсан. Оюутолгойн гэрээ зогсоохыг шаардаж хоёр жил үүдэнд нь хашгирсан Д.Жагар гэгч өнөөдөр баруун, солгойгүй мөнгө цацаад УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байна. Баахан "Ланд" сонгуулийн сурталчилгаандаа ашиглаад шүү дээ. Гэтэлөнгөрсөн хоёр жил Оюутолгойн оффисийг сахиснаас өөрөөр ажил хийсэн удаагүй түүний ингэтлээ бэлжиж, хөлжсөн шалтгаан юу байв. Хэн түүнийг санхүүжүүлэв! Энэ бол Оюутолгойн төслийг тойрсон нэг асуулт. Оюутолгойг эсэргүүцсээр ирсэн Ц.Даваасүрэн Оюутолгойн төслөөс цалингаа аваад явж байна. Олон жил Оюутолгойг муулж яваа түүний хөрөнгө орлого жилээс жилд өссөн байдаг.

Оюутолгойн гэрээг унших нь бүү хэл сөхөж хараагүй хүмүүс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг хараадаг, буруутгадаг. Ямар заалт нь яаж Монголыг хохироосныг нь баримттай ярьдаг, хэлдэг хүн Монголд байдаггүй. Баримтгүйгээр, баримт зохиосон гүтгэлэг бол зөндөө.

Мэдээж, Ерөнхийлөгч Х.Баттулга С.Баярын Засгийн газрын сайд нь байсан хүн  Оюутолгойн гэрээг  эрхбиш бүтэн уншсан байлгүй. Гэрээг байгуулах, 2009 онд улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг тэр хамгийн сайн мэднэ. УИХ-аас ямар чиглэл ирж байсныг ч бас санаж байгаа биз.

Оюутолгой бол Монголд ашигтайгаар барахгүй ач холбогдолтой төсөл.  Эдийн засгийн болоод улс төрийн хувьд. Мөнгөний болоод үндэсний аюулгүй байдал талаасаа Оюутолгойн гэрээ Монголын  зуун жил "амьд" үлдэх баталгаа. Дэлхийн 15 банк, санхүүгийн томчууд хяналт тавьж байгаа уг төслөөс "Эрдэнэт" шиг сааж амьдрах боломж Монголын улстөрчдөд байхгүй.  Тиймээс л тэд төрд авахыг, хөрөнгө оруулагчдыг хөөхийг шаарддаг. Нөгөө талаар Оюутолгой төсөл Оросын том өрсөлдөгч. Оюутолгойн гэрээ батлагдсан нь оросуудад ашиггүй байсан нь үнэн.

 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 600 мянган хүн Монгол ялна гэдэгт итгэсэн. Х.Баттулгад саналаа өгсөн, "Монгол ялсан". Гэвч, яг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих ганц асуулт байна. Яг Монгол ялсан уу. Ялсан бол яаж!.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
105
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж