ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Wednesday, June 17, 2020
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.17/ 363 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрөв нь Covid-19 илэрсэн. Шинжилгээний явцад Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочид шинжилгээ хийснээс дөрөвт нь вирус илэрсэн. Дээрх дөрвөн хүн нь Беларусь улсын 33-40 насны иргэд, ХӨСҮТ-д авчирч байгаа.
Өчигдрийн транзит онгоцоор ирсэн 255 хүнээс вирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 16 хүн эдгэн гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Тэд 18-65 хоног эмчлэгдсэн. Насны хувьд 19-35 насныхан. Нийт батлагдсан тохиолдол 201 болсон. Үүнээс 127 нь эдгэсэн. Одоогоор 74 хүн эмчлүүлж байгаагаас 69 нь хөнгөн, тав нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д одоогоор 124 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Тандалт судалгаа, эмчилгээ үргэлжилж байна.
Тусгаарлалтад 0-5 насны 64 хүүхэд байна
ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
-Covid-19 халдвар дэлхийн 216 орон бүс нутагт тархаж, найман сая 383 мянган хүн өвчилж, 450 гаруй мянган хүн нас барсан байна. Одоогоор 4.3 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 3.5 сая хүн хэвтэн эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт 131 мянган хүн шинээр халдвар авч 5000 гаруй хүн нас барсан байна. Тухайлбал, Бразилд 26 мянга, АНУ-д 23 мянга, БНЭУ-д 12 мянга, Пакистанд 5000 хүн шинээр халдвар авсан байна. Мөн Бээжингийн Шиньфади захад гарсан халдвар өргөжих хандлагатай байна. Одоогоор 158 хүн энэ захаас болж халдвар авсан бол зургаа нь хүнд байгаа. Мөн БНХАУ-д уг дэгдэлт нэг сарын өмнөөс эхэлсэн байж магадгүй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор Бээжингийн бүх нислэгийг цуцалсан. Хөл хориог улам чангаруулж байгаа. Сүүлийн 14 хоногт Бээжингээс ирсэн хүмүүсийг тусгаарлаж байгаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7843 хүн шинээр халдвар авсан байна. Манайхтай хил залгаа улсуудад 38-110 халдвар бүртгэгдсэн.
Манай улсын хувьд ажиглалтад өчигдөр 270 хүн нэмж орж, 362 хүн ажиглалтаас гарсан. Сөүлийн онгоцоор ирсэн 257 хүний тавыг сэжигтэй тохиолдол гэж үзээд ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн 12-ыг нь Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь тусгаарлах байруудад хуваарилсан. Тусгаарлалтад нийт 1631 хүн байгаа. Тусгаарлаж буй хүмүүсийн дунд 0-5 хүртэлх насны хүүхэд 64, 28 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 38 хүн байна. Эгээр хүмүүст 39 резидент, 34 их эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Мөн 119 дугаарын утсанд 163 дуудлага ирж, эмнэлзүйн талаар мэдээлэл авсан. Шуурхай аппликейшнд АНУ-аас иргэн холбогдож мэдээлэл авлаа. ОХУ-д халдвар эрчимтэй байгаа, Бээжинд дахин шинэ халдварын голомт бий болсон тул анхаарлаа сарниулж болохгүй. Маскаа зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа сайн барих хэрэгтэй байна.
Хөнгөн хэлбэрт ашиглах эм шаардлагатай байна
ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:
-Дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо найман сая давсан. Үүний 75 хувь нь сүүлийн хоёр сард бүртгэгдлээ.
Их Британийн судлаачдын судалгаагаар өргөн хэрэглээний Дексаметазон эм коронавирусийн халдварын хүнд болон маш хүнд хэлбэрт хэрэглэхэд үр дүнтэй нь тогтоогдлоо. Энэ эмийн эмчилгээг ДЭМБ хүлээн авлаа. Энэ эмийг амьсгалын аппаратад орсон хүнд хэрэглэнэ. Цаашид хөнгөн хэлбэрт ашиглах эм шаардлагатай байна.
Бразилд 24 цагт 21 мянган хүн эдгэлээ
ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:
-АНУ-д өчигдөр /2020.6.17/ 27900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 722 нас баралт бүртгэгдэж нийт тохиолдол хоёр сая 132 мянга, нас баралт 116 мянга гараад байна. Бразилд сүүлийн 24 цагт 21 мянган хүн эдгэлээ.
Р.Дулам
Холбоотой мэдээ