Энэтхэг, Хятадын хилийн маргаан хурцдаж, Даваа гаригийн шөнө (2020.6.15) 20 хүн амь үрэгдсэн цуст мөргөлдөөн гарчээ. Түвдтэй хиллэдэг Ладакх бүс нутгийн Галван тосгонд Хятад, Энэтхэгийн хилийн харуулууд мөргөлдсөнөөс Энэтхэгийн армийн офицер, 19 цэрэг амь үрэгджээ. Ладакх нь Кашмирын нэг хэсэг бөгөөд 1947 оноос хойш Энэтхэг, Хятад, Пакистаны хооронд хилийн маргаантай бүс байсаар иржээ. Улмаар Энэтхэгийн талаас амь үрэгдсэн цэргүүдийн амийг нэхэн үргэлжлүүлэн тулалдсанаар амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх магадлалтай байна. Энэтхэгийн армийн мэдэгдэлд мөргөлдөөнд хоёр тал хохирол амссан гэсэн ч Хятадын Засгийн газраас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Энэтхэгийн “ANI” мэдээллийн агентлагт мэдээлснээр Хятадын 43 цэрэг гэмтэж, амь үрэгдсэн аж. Гэхдээ тулалдааны үеэр галт зэвсэг ашиглаагүй гэнэ. Гэхдээ Хятадын цэргүүд төмөр саваа, бороохойгоор зэвсэглэн Энэтхэгийн харуулууд руу дайрсан гэж Шинэ-Дели мэдэгджээ. Энэтхэг, Хятадын цэргүүд өмнө нь тавдугаар сарын 5-нд Ладакх бүс нутгийн Пангонг Цо нуурын ойролцоо мөргөлдсөн юм. Хилийн харуулын 20 гаруй цэрэг хоорондоо зодолдож, долоон хятад, дөрвөн энэтхэг цэрэг гэмтсэн байв.
ХИЛИЙН МАРГААНЫ ТҮҮХ
Хилийн маргаан хурцадсаны дараа Бээжингээс Мягмар гаригт (2020.6.17) Гаван тосгон бол Хятадын газар нутаг хэмээн мэдэгджээ. Харин Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Гаван тосгоны статусыг Хятад өөрчлөхийг оролдож байгаад буруутгасан байна. Энэтхэг, Хятадын Батлан хамгаалахын албаныхан хилийн зөрчил, хурцадмал байдлыг намжаахаар хэлэлцээ үргэлжилж байх үед энэхүү цуст мөргөлдөөн гарчээ. Цөмийн зэвсэгтэй хоёр орон Хималайн нурууны өндөрлөг дэх хилийн газар нутгаа булаалдан эртнээс зөрчилдөж иржээ. Өмнө нь Энэтхэг, Хятадын цэргүүд 1967 онд Натху Ла-д хоорондоо тулалдаж, 1975 оны мөргөлдөөнд цэргүүд амь үрэгдэж байв. Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтнолоо зарлаж, 1949 онд БНХАУ-ыг тунхагласны дараа 1950 оны дөрөвдүгээр сард хоёр улс дипломат харилцаа тогтоосон боловч 1951 онд газар нутгийн маргаан дэгдэж эхэлсэн байдаг. Энэтхэг, Хятадын хил бүхэлдээ маргаантай. Энэтхэгийн талаас хоёр орны хилийг орлодог хяналтын шугамын 3488 км-ийг өөрийн гэж маргадаг бол Хятадын тал 2000 км хүрэхгүй газрыг булаацалддаг. Энэтхэг нь Кашмир, Жамму мужуудын бүрэлдэхүүнд байсан зүүн хойд хэсгийн Аксай Чин бүс нутгийн 38 мянган кв/км газрыг эзэмшлээ гэж үздэг аж. Гэвч тус бүс нутгийг 1962 оны Энэтхэг, Хятадын дайнаар Бээжин хяналтдаа авчээ. Газар нутгийн маргаан даамжирсаар 1962 оны аравдугаар сарын 20-оос арваннэгдүгээр сарын 21-ний хооронд нэг сар Энэтхэг, Хятадын хилийн зүүн, баруун хоёр хэсэгт хилийн цэргүүд тулалджээ. Улмаар уг мөргөлдөөн дайн болон хувирсан байв. Мөн Пакистанаас Хятадад найр тавин өгсөн Кашмирын 5180 км газар нутгийг Энэтхэг өөрийн эзэмшлээ гэж маргадаг аж. Харин Хятад нь зүүн хэсгийн 90 мянган кв/км газрыг “Түвдийн өмнөд хэсэг” гэж үзэн өөрийн эзэмшлээ гэж булаацалддаг байна.
ЭНЭТХЭГ, ХЯТАДЫН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Энэтхэг, Хятад хоёул бүс нутгийн их гүрэн, хамтарч ажиллахын зэрэгцээ стратегийн өрсөлдөгчид. Энэ нөхцөл байдлын дэвсгэр дээр АНУ Энэтхэгийг ашиглан Хятадыг тогтоон барих санаа агуулдаг бол Энэтхэг ч мөн адил АНУ-ыг ашиглан Хятадтай өрсөлдөхийг хичээдэг аж. Хэдий тийм боловч Энэтхэг улс АНУ, Хятад хоёрын дунд тэнцвэр барих бодлогыг илүүд үзэх, бие даасан гадаад бодлоготой улс юм. Харин Хятад улсын хувьд Энэтхэгийг тогтоон барихад хөрөнгө хүч хаясан гадаад орчноо бүрэн сайжруулах боломжгүй, тиймээс Энэтхэгийг дарж авах, бүхлээр нь сөрөх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үздэг аж. Хятад улс 2013 онд “Бүс ба Зам” санаачилга гаргаж буйгаа зарлан, Ази, Европ, Африк гурван тивийн хэлхээ холбоог бий болгох том амбицтай төсөл дэвшүүлсэн билээ. “Бүс ба Зам” санаачилгын дагуу эдийн засгийн зургаан коридор байгуулах ажлыг эхлүүлсний дотор хамгийн амжилттай яваа төсөлд Пакистан-Хятадын коридор багтаж, хятадууд асар их хөрөнгө оруулж буй нь Энэтхэгт таалагдаагүй. Энэтхэг, Пакистаны маргаантай Кашмирын нутгаар уг эдийн засгийн коридор дайран өнгөрч буйг Энэтхэг эрс эсэргүүцжээ.
Холбоотой мэдээ