С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв

С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг хорих ангид хүргэв

Оюутолгой гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилсон. Ингэхдээ дэнчингээ төлөөгүй үндэслэлээр С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22-н хүртэл хорих шийдвэр гаргасан билээ. Тэднийг шүүх танхимаас Цагдан хорих ангид хүргэсэн байна. Шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг 525 сая төгрөгийг барьцаанд төлөх шийдвэр гаргаад байгаа юм.

НЭМЭЛТ:

“С.БАЯРЦОГТОД ТУЛГААД БУЙ ХЭРЭГ 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ ХЭРЭГ БИШ”

Шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр шүүх хурлыг зургадугаар сарын 22-ныг хүртэл хойшлуулж, манай үйлчлүүлэгч С.Баярцогтыг цагдан хорих арга хэмжээг авч байна. Өмнөх шүүх хуралдаанаар 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах захирамж гаргасан. Бид захирамжтай санал нийлээгүй. Хувийн байдал, холбогдсон хэрэгтэй холбож, барьцааны хэмжээг тогтооно гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Манай үйлчлүүлэгчид тулгаад байгаа хэрэг нь яагаад ч 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг биш. Учрыг өөрөө тайлбарлахдаа “Оюутолгойн” гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг хэрэг хэрэгсэхгүй болсон. Одоо зуслангийн байр гэсэн хэрэг л явж байгаа. Тиймээс хуулийн хүрээнд 10 тэрбум төгрөг барьцаа тогтоох боломжгүй.

Энэ хэрэгт долоон хүн холбогдоод явж байна. Өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй гурван хүнийг цагдан хорих шийдвэр шүүхээс гаргаж байна. Энэ хэрэг хоёр жил гаруй шалгаж байна. Тэгэхэд шүүх хуралдааныг сонгуулийн сурталчилгаа хийдэг 22 хоногт хоёр, гурван удаа товлож байна.

Сонгуулийн тухай хуулиар УИХ-д нэр дэвшээд явж байгаа хүнийг цагдан хорьж болохгүй заалттай. Харамсалтай нь, шүүхээс удаа дараа УИХ-д нэр дэвшсэн хүнийг цагдан хориход Сонгуулийн хууль хамаагүй гээд сууж байна.

Мөн шүүхийн практикт байгаагүй 10 тэрбум төгрөгийн барьцаа тогтоолоо. Энэ бүгд тохиолдлын явдал уу. Эсвэл шүүхийн байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж байна уу гэдгийг олон нийт дүгнэлт хийнэ биз.

Одоо шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй. Анх 2018 онд сүр дуулиантайгаар С.Баярцогтыг баривчилж байсан. Ингэхдээ “Оюутолгойн” гэрээг байгуулахдаа хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж баривчилж байсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Бид хэрэг тусгаарлах хүсэлт тавьсан ч шүүх хүлээж авахгүй байгаа. Барьцаа 10 тэрбум төгрөгийг багасгаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан ч бас хүлээж аваагүй” гэв.

С.БАЯРЦОГТ, Б.БЯМБАСАЙХАН, Д.ГАНБОЛД НАРЫГ ЦАГДАН ХОРИНО

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Гэрэлтуяа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Шүүгдэгч С.Баяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх хуралд дуудагдсан зарим гэрч, шинжээч нар ирээгүй. Уг гэрч, шинжээч нарыг албадан ирүүлэхээр шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Өмнөх шүүх хуралдаанаар барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг биелүүлээгүй үндэслэлээр шүүгдэгч С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих, шүүгдэгч С.Баярыг 525 сая төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн” гэсэн юм.

“ЯЛЛАХ ДҮГНЭЛТЭД Д.ГАНБОЛДЫГ “ДУБАЙН ГЭРЭЭ”-НИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭСЭН ”

Д.Ганболдын өмгөөлөгч ярихдаа “С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурлаар УИХ-д нэр дэвшсэн гурван хүнийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Цагдан хорихдоо хуулийн ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Учир нь гурав хоногийн өмнө эдгээр хүмүүсийг 2-10 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байршуул гэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй, биелэгдэхүйц байх ёстой.

Д.Ганболдод гурван өдөрт 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул гэдэг шаардлага тавьсан. Энэ боломжгүйг шүүх байгууллага мэдэж байгаа.

Сонгуулийн тухай хуулийн 35.1-д “Нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой” гэж тусгасан байгаа. Нэр дэвшигчдийн хамгийн хариуцлагатай үед цагдан хорьж, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад урьдчилаад яллаж байна.

Манай үйлчлүүлэгчид 2015 онд “Дубайн гэрээ”-ний төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа Засгийн газар, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын хэсэгт орж, гарын үсэг зурсан гэж яллаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, Засгийн газар шийдвэр гаргачихаад байхад төрийн өмчит компанийн захирал ажлаа хийхгүй, гарын үсэг зурахгүй байж болохгүй шүү дээ. Гэхдээ яллах дүгнэлтэд хувьдаа ашиг хонжоо олсон гэсэн зүйл байхгүй. Зөвхөн ажлаа хийж явсныг нь шүүх шүүж байна гэсэн үг” гэв.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРТ 525 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ

Шүүх хуралдаанаас УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байсан С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг зургадугаар сарын 22-н хүртэл хорих шийдвэр гаргажээ. Харин Ерөнхий сайд асан С.Баярыг 525.000.000 /таван зуун хорин таван сая төгрөг/-ийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.

Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч “Зургадугаар сарын 22-ний өдрийн 09.00 цагт болох шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасан хоёр шинжээчийг оролцуулах хүсэлтийг 13 өмгөөлөгч тавьсан. Энэ хүсэлтийг шүүхээс шийдсэн боловч С.Баярцогт болон Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг барьцаа хөрөнгө байршуулаагүйгээс дараагийн шүүх хуралдаан болох өдөр хүртэл цагдан хорихоор боллоо. Цагдан хорьж буй үндэслэлийг бусад өмгөөлөгчид мэдэээлэх байх. “Оюутолгойн” гэрээтэй холбоотой татварын маргаан дээр 870 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх асуудалд шинжээчид өөрсдөө зайлшгүй байх шаардлагатай. Мөн хууль зүйн дүгнэлт гаргасан шинжээчийг оруулахгүй бол шүүхийн эрх мэдэл рүү халдаж тайлбар хийсэн болно” хэмээн мэдээлэл өглөө.

С.БАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Ерөнхий сайд асан С.Баяр нарын  долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Гурав хоногийн өмнө буюу зургадугаар сарын 15-нд энэхүү шүүх хуралдаан болоход шүүгдэгч С.Баярцогтод авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй буюу “Оюутолгойн” гэрээг байгуулахад ажиллаж байсан ажлын хэсгийн оролцогчидтой уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Ганболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, тус тус арван тэрбум, шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таван тэрбум төгрөгийн барьцаа гаргах, шүүгдэгч Б.Бямбасайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хоёр тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Мөн шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсэн шийдвэрлэсэн юм.

Шүүгдэж буй долоон хүнээс гурав нь буюу С.Баярцогт Сэлэнгэ, Д.Ганболд Хөвсгөл, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Өмнө нь С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тус, тус гаргаж байсан.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс Монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.

Гэрэл зурагийг: Д.ГАНБҮЖИН

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ЗөвЗөв
23
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж