Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав

Санхүүгийн сахилгатай иргэдээ төр хошгоруулав

Сovid-19 вирусийн цар тахлын үед зээлээ цаг хугацаанд нь төлж буй иргэдэд урамшуулал болгон ипотекийнх нь зээлийн 8 хувийн хүүг гурван сарын хугацаанд 6 хувь болгон бууруулна хэмээн төр засгийн зүгээс мэдэгдэж байсан нь саяхан. Энэхүү мэдэгдлийн дараа ипотекийн зээлээ хойшлуулж байснаас бага хувьтай хүү төлье гэсэн иргэд шийдвэр баталгаажихийг хүлээж байв. Харамсалтай нь, манай төр засаг зээлээ хугацаандаа төлдөг, санхүүгийн сахилга баттай иргэдээ хошгоруулаад өнгөрөв бололтой. Учир нь, Цар тахалтай тэмцэх тухай хууль батлагдан, бүрэн эхээрээ албан ёсоор олон нийтэд болохдоо энэ бүлэг заалт тусгагдаагүй орхигдсон байдаг. Энэ талаар бид Монголбанкнаас тодруулахад, Засгийн газрын хуралдаанаар шийдэгдэнэ гэж байсан юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцсэнгүй сонгуультай золгов.

Энэ мэтчилэн санхүүгийн сахилга баттай, зээлээ хугацаандаа төлчихдөг иргэд хохирч, зээлээ төлдөггүй иргэд хождог цөөнгүй жишээ манай улсад байна. Тухайлбал, 2020 он гарангуут төр засгийн зүгээс тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ үед тэтгэврийн зээлээ төлөөд дуусчихсан, тэтгэврийн зээлгүй иргэдэд 1 сая төгрөгийн ваучер олгоно гэж байсан нь үлгэр болоод өнгөрч байна.

Гэтэл сонгуульд нэр дэвшигчид иргэдийн дэлгүүрт тавьсан зээлийг тэглэж өгч байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхлэв. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал санал хураалтыг мөнгөөр худалдаж авч буй нэг хэлбэр бөгөөд хууль зөрчсөн үйлдэл болно.

Үүний зэрэгцээ, зээлээ төлдөггүй санхүүгийн сахилга батгүй, найдваргүй иргэдээс хүлээж буй алдагдлаа банкууд зээлээ төлдөг иргэдийн нуруу дээр үүрүүлсээр ирсэн. Тодруулбал, зээлийн хүүг өндөрсгөх замаар алдагдлаа нөхдөг гэсэн үг юм. Гэхдээ банкууд байнгын харилцагч нартаа тодорхой хэмжээний урамшуулал үзүүлж, зээлийг хүүг нь бууруулж өгдөг гэдгийг хэлэх нь зүй юм. Харин тухайн харилцагч нь өөр банкнаас зээл авах үед бүхнийг шинээр эхлэх хэрэгтэй болчихдог. Өөрөөр хэлбэл, нэг банкинд зээлээ сайн төлж байсан гэсэн мэдээлэл нь нөгөө банкиндаа байдаггүй нь учир дутагдалтай байна.

Хэдийгээр Монгол Улсад энэ нөхцөл байдлыг халж, зээлтэй иргэдийн мэдээллийг нэгтгэж, санхүүгийн сахилга баттай иргэдийг дэмжих зорилгоор 2011 онд Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг баталсан ч энэ хууль төгс төгөлдөр байдлаар хэрэгжиж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд одоо буй зээлийн мэдээллийн сан нь "Хар жагсаалт" хэлбэрээр ажиллаж буйд эдийн засагчид шүүмжлэлтэй ханддаг. Учир нь тус санд иргэдийн муу зээлийн түүх байрладаг. Угтаа бол иргэдийн муу болон сайн мэдээллийг аль алийг нь байршуулж, тэрхүү сангаас бүх банкууд мэдээллээ авч, санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулдаг тогтолцоо ард иргэдэд хэрэгтэй байна. Зээлийн зэрэглэл тогтоое. Санхүүгийн сахилга баттай, зээлийн зэрэглэл нь өндөр хүн бага хүү төлж, урамшуулал авдаг байя. Хэдий болтол зээлээ төлж чаддаггүй  иргэдийг татвар төлөгчдийн мөнгөөр эрхлүүлэх вэ. Зээл иргэдэд бизнесээ, аж амьдралаа дээшлүүлэх боломж болохоос биш иргэдэд ирэх санхүүгийн дарамт баймааргүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж