Э.Оюунболдын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хураана

Хуучирсан мэдээ: 2020.06.18-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хураана

Э.Оюунболдын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хураана

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд 20 гаруй хоног үлдсэн эдгээр өдрүүдэд өнгөрсөн жилийн наадмын дуулиан шуугиан одоо л шийдвэрлэх шатандаа орлоо.  Тодруулбал, өчигдөр/2020.06.17/ Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр эзэн холбогдогч нь тодорхой ч урьдчилсан хэлэлцүүлэг нь гурван удаа, шүүх хуралдаан нь хоёр удаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлоод байсан хэргийн учиг тайлагдлаа. Өнгөрсөн жилийн наадмаар Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн. Гэвч энэ асуудал зөвхөн дээрх шүүхийн шийдвэрээр цэгцэрчихлээ гэсэн үг биш.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргах ёстой.

Мөн Э.Оюунболд Захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрх бий. Харин давж заалдахгүй бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Э.Оюунболдын цолыг хураах, эрхийг нь хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөн олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

Э.ОЮУНБОЛД ШИНЭ ОНЫ ӨМНӨХӨН АТГ-Д ХАНДСАН

Э.Оюунболд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах болбол баттай баримт, нотолгоотой байж нэр, төрөө хамгаална. Тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сард “Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т гомдол гаргасан. Түүний гомдлын мөрөөр АТГ-ын зүгээс Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгасан.

Э.Оюунболдын өмгөөлөгч өчигдөр “Э.Оюунболдтой холбоотой допингийн хэрэг АТГ-т шалгагдаж байгаа тул давхар Захиргааны хэргийн шүүхэд явуулах шаардлагагүй учир энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү" гэсэн хүсэлт тавьсан боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгон, шийдвэр гаргасан. Тэгэхээр шүүхийн зүгээс АТГ-ын оролцоогүйгээр Э.Оюунболдын хэргийг шийдвэрлэх баримт, нотолгоо байсан гэсэн үг. Тэд "Нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна" гэж үзсэн. Энэ нь л хэргийг шийдэх гол хөшүүрэг болсон хэрэг.

Монгол Улсын арслан Ц.Содномдорж ч "Шээс солих ямар ч боломжгүй, таван хүний хараа хяналтан дор шинжилгээ өгдөг" хэмээн ярьж байсан билээ. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин "Баяр наадмыг зохион байгуулах хорооноос холион бантан хутгасан, андуурсан юм байхгүй. Эргэн тойронд нь камер байрлуулсан өрөөнд, зөвхөн тавчик, дотуур хувцастай нь оруулаад допингийн шинжилгээ авдаг. Тухайн бөх шинжилгээний дээжтэй саваа таглаад өгдөг. Э.Оюунболдын байтугай бусад тамирчны шээсийг солих ямар ч боломжгүй" хэмээн хэлж байсан.

ДОПИНГИЙН "ЗОЛИОС" БОЛСОН БӨХЧҮҮДЭД ЦОЛ, ЧИМГИЙГ НЬ НӨХӨН ОЛГОНО

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох болно. Э.Оюунболд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд:

  • Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар
  • Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн
  • Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж
  • Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх
  • Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа
  • Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном
  • Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар
  • Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж
  • Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Монгол Улсын аварга цолонд хүрсэн.

Хэрэвзээ Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга зарлига гаргаж, Э.Оюунболдыг цолыг хураах зарлиг гаргавал:

  • Аймгийн арслан Н.Мустафа Монгол Улсын начин
  • Улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага
  • Улсын харцага Д.Анар Монгол Улсын заан
  • Улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг
  • Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цолны эзэн тус тус болно.

Өнгөрсөн жилийн наадамд допинг хэрэглэсэн гэгдээд буй бөхчүүдтэй тааран барилдаж өвдөг шороодсон бөхчүүд дотор Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын харцага О.Хангай, Улсын харцага Д.Анар, Улсын арслан Ц.Содномдорж зэрэг наадмын үзүүр, түрүү булаалдах боломжтой хүчтэнүүд байсан нь харамсалтай. Жил бүрийн наадмаар л эдгээр бөхчүүдийг дээгүүр үзэх болов уу гэж бөхийн хорхойтнууд хардаг. Гэвч ноёдын бөхийн но-той хэргийн золиос болсон гэх яриа бөх сонирхогчдын дунд бий.

Улсын начин Д.Цэрэнтогтох тавын даваанд улсын харцага О.Хангайг давсан.

Харин улсын цолонд ойрхон гэгдээд байсан Дундговь аймгийн харьяат, аймгийн арслан Б.Доржсүрэн, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн Улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон бол Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх, Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж зэрэг улсын цол горилогсод Э.Оюунболдод унасан.

Хэрэв ерөнхийлөгч зарлигаа гаргавал тэднийг Э.Оюунболд болон Д.Цэрэнтогтох нарыг давсанд тооцно.

ДОПИНГТОЙ ХЭРЭГЛЭСЭН БӨХӨД УНАНА ГЭДЭГ БОЛ БИЕ, СЭТГЭЛЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА ГЭСЭН ҮГ

Бөхчүүдийн хувьд наадам бүхэл бүтэн жилийнхээ хүч хөдөлмөр, бэлтгэлийн үр дүнгээ харуулдаг хамгийн том дэвжээ нь. Гэвч зарим нэг хүний буруутай үйлдлээс болж хүч хөдөлмөр, цаг хугацаагаар хохирно гэдэг хүнд цохилт. Э

нэ талаар нэрээ нууцлахыг хүссэн бөхийн хэлснээр “Э.Оюунболд гэлтгүй допинг, сэргээштэй холбоотой энэ хэргийг төр засаг үнэн зөвөөр нь шийдээсэй. Миний ойлгосноор бол цолыг нь хурааж, эрхийг нь хасах шийдвэрийг шүүх бус Монгол Улсын ерөнхийлөгч гаргах ёстой юм шиг байна. Тэгэхээр энэ хэрэг цаашдаа яаж шийдэгдэх вэ гэдгийг харж л байя. Ид барилдаж буй бөхчүүдийн хувьд допингтой бөхтэй таарч барилдаад, унана гэдэг бол бие, сэтгэлээрээ хохирч байна л гэсэн үг. Бид чинь бүтэн нэг жилийн бэлтгэлийг наадамд зориулдаг шүү дээ” гэв.

Бүтэн нэг жилийн хугацаанд үргэлжилсэн энэ маргаанд наадмаас өмнө цэг тавих болов уу эсвэл цаашид үргэлжлэх үү. 20 гаруйхан хоногийн дараа Үндэсний их баяр наадам болно. Тиймээс наадамчин олон, бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмэн Ерөнхийлөгчийн шийдвэрийг нүд цавчилгүй харж сууна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж