"Voice Mongolia" шоуны ялагч Х.Ядам
"Voice Mongolia" шоуны ялагч Х.Ядамтай ярилцлаа.Дэлгэрэнгүй ярилцлагыг эндээс үзээрэйhttps://news.mn/r/2315369/
Posted by News.mn on Wednesday, June 17, 2020
“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч Х.Ядамтай ярилцлаа. Тэрбээр шоуны туршид Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээгээд буй. Үзэгчдийн саналаар Х.Ядам шилдгийн шилдгээр тодорсон юм.
-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч болсон догдлол чинь намжаагүй байх. Тэр үед ялагч болж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв. Бусад дөрвөн оролцогч бол хүчтэй өрсөлдөгчид байсан?
-Баярлалаа, одоо ч бүрэн ялагчийн "шок"-ноосоо гарч чадаагүй явна. Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би өөртөө итгэлтэй байсан. Тэгж байж л ялна. Хэрэвзээ, өөртөө итгэж чадахгүй бол ялж чадахгүй. Тиймээс ялна, дуугаа хүмүүст хүргэж чадна гэж бодож дуулсан.
-Одоо Ядам олны танил болсон учраас хувь хүний талаарх мэдээллийг сонирхох хүн олон байгаа байх, ялангуяа, охид?
-Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Одоо 24 настай. Ам бүл тавуулаа. Дээрээ ах, эгчтэй, айлын отгон хүү. Аав минь тээврийн жолооч, ээж тэтгэвэртээ гарсан. Ах, эгч нар маань амьдралтай болцгоосон. Би хотод сургуульдаа суралцахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажилладаг. Одоо Техник технологийн дээд сургуулийн авто замын инженерийн төгсөх курсийн оюутан.
-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй.
-Өмнө нь дууны тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж байв уу?
-Би багын дуулах дуртай байсан. Хүүхэд байхдаа Эрдэнэт хотод зохион байгуулдаг “Яргуй” урлагийн наадамд оролцоно. Тэрнээс өөр тэмцээн уралдаанд орж байгаагүй. Өөрөө өөртөө дуугаа дуулаад явдаг хүүхэд байлаа. Миний оролцсон хамгийн том анхны тэмцээн бол “The Voice of Mongolia”.
-“The Voice of Mongolia” шоуны зарим оролцогчдыг харахад урилгаар эсвэл ойр дотны хэн нэгэн санал тавьснаар шоунд оролцсон байдаг. Чиний хувьд анх хэрхэн бүртгүүлж, оролцсон бэ?
-Би ажлаа хийж явахдаа санаандгүй тохиолдлоор энэ шоуны бүртгэл болж байгааг мэдсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзье гээд бүртгүүлэхээр очиход шалгаруулалтын сүүлчийн өдөр байж таарсан. Миний хувьд өөрөө зориг гарган энэ удаагийн “The Voice” шоунд оролцохоор шийдсэн юм. Гэтэл өнөөдөр шоуны ялагч болчихоод сууж байна. /инээв/
-Мэргэжлээрээ ямар байгууллагад ажилладаг юм бол?
-Би авто замын инженер мэргэжлээр суралцаж, давхар хувийн компанид ажилладаг юм. Авто замын зураг зурдаг гэсэн үг. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн. Урлагийн замыг сонгон суралцаад бүтэлгүйтэж байгаа тохиолдол их байдаг. Тийм учраас нийгэмд хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэдэг утгаараа ирээдүйн мэргэжлээ сонгосон.
-Цаашид урлагийн сургуульд суралцах уу?
-Миний хувьд “The Voice of Mongolia” шоунд орсноор их сургууль төгссөн дайтай маш их зүйлийг сурч авсан. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд заалгаж, шат болгон дээр бусдаасаа суралцсан. Мөн тайзан дээр хэрхэн биеэ авч явах, камертай харьцах, хувцаслалт, дуулалт, багаар ажиллах чадвар гээд бүх зүйлийг сурсан. Хэрвээ боломж олдвол дуучин мэргэжлээр суралцана.
-“The Voice of Mongolia” шоуны шүүгч, дасгалжуулагч оролцогчдыг хэрхэн бэлдэж байгаа нь харагддаггүй шүү дээ. Ер нь шоуны оролцогчдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Шоуны оролцогчид дуугаа богино хугацаанд бэлддэг. “The Voice of Mongolia” шоуны арын албаны уран бүтээлчид маш өндөр зохион байгуулалттай, цагийн нарийн хуваарьтайгаар ажлаа төлөвлөсөн байдаг. Мөн хувь хүний хичээл зүтгэлээс маш их зүйл шалтгаална.
Шоуны “Knock out” шатнаас хойш долоо хоногийн зайтай дараагийн шатууд явсан. Заримдаа хонож бэлдэх тохиолдол ч гарна. Бэлтгэлгүй өдөр гэж байхгүй гэж хэлж болно. Хэн нь илүү хөдөлмөрлөж, тэвчээртэй байна, тэр хүн амжилтад хүрдэг гэж боддог. Миний хувьд өөрийгөө 100 хувь дайчилж, хичээсэн. Би шоуны шат болгонд өөр Х.Ядамыг харуулахыг хичээсэн. Шүүгч маань надад финалын шатанд дан дээд өнгөөр дуулдаг рок-н–ролл дуу дуулах даалгаврыг өгсөн.
-Чиний хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?
-Би хүмүүсийг өрсөлдөгч гэж харахаасаа илүүтэй өөрийгөө өрсөлдөгч гэж боддог. Хүн аливаа амжилтад хүрэхийн тулд өөр өөрийгөө ялан дийлэх ёстой. Хүмүүсийн нүдээр харахад бид тайзан дээр гоё хувцас өмсөөд дуулж байгаа юм шиг амархан харагддаг байх. Финалд тунаж үлдсэн гурван оролцогч маань мундаг, чадварлаг залуус байсан. Бид дөрөв өрсөлдөгч гэхээсээ илүү сайн найзууд болж чадсан.
-Шоуны үеэр тохиолдсон хөгжилтэй явдлаас яривал?
-Шүүгч Д.Болдын төрсөн өдөр болж, багаараа гэнэтийн бэлэг барихаар болсон юм. Багаараа ажлаа хуваарилж аваад, би торт захиалж авахаар болсон. Тэгсэн захиалга ихтэй жаахан удсан чинь Минжээ утасдаад “Ганцхан торт захиалах гэж хэчнээн цаг явах гэсэн юм” гээд загнаж гарсан. Гэтэл би явсаар байгаад л таарсан нь тэр. Дотроо бол маш их яарч байгаа шүү дээ. Бид тэрийгээ дараа нь ярилцаж, инээлдсэн. Шүүгчээ баярлуулах гэж их хичээсэн. Амьдралдаа анх удаа тэгж хүнээр загнуулж билээ.
-Шүүгч Д.Болд хүзүүний зүүлтээ бэлэглэснээс хойш Х.Ядамын од нь гийсэн ч юм шиг. Анзаарч байхад шат болгон дээр шүүгчийнхээ бэлэглэсэн хүзүүний зүүлтийг зүүж харагдсан?
-Төрийн соёрхолт, дуучин Д.Болд шүүгч маань шоуны үеэр өөрийнхөө сахиус болсон хүзүүний зүүлтээ надад өгсөн. Тэр мөчийг эргээд бодоход надад ямар их итгэл хүлээлгэсэн бэ гэдгийг нь ойлгосон. Би тухайн мөчид зүүлтийг нь зүүхдээ шууд шоконд орчихсон. Юу ярьж, хийхээ мэдэхгүй маш сайхан мэдрэмж төрсөн дөө.
Одоо тэр зүүлтээ гэрийнхээ хоймор хэсэгт тавьсан. Миний хувьд шоуны бүх шатанд зүүлтээ зүүж, дуулсан. Энэ зүүлт маань надад аз авчирдаг гэж маш их итгэж байгаа. Магадгүй шүүгчээсээ хүзүүний зүүлт авсан учраас шоуны ялагч болсон ч юм бил үү?
-“The Voice” шоуны финалын шатны тайзнаа шүүгч Д.Болдын чамд зориулсан “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” дууг дуулсан. Дуугаараа нийгэмд хөндөгдөж буй чухал сэдвийг хөндөж, эмэгтэйчүүдийн дуу хоолой нь болсон?
-Шүүгч Д.Болд ах маань “Чанга охид хэзээ ч уйлдаггүй” дуугаар нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлэхийг хүссэн. Түүний эмзэглэж явдаг асуудлын л нэг л дээ. Тэгээд намайг финалын шатанд үлдэхэд энэ дууг маш богино хугацаанд зохиосон. Миний хувьд дуугаа бэлтгэх явцдаа дуундаа орж, их хямарсан. Өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд амьдралыг нуруундаа үүрч, хүчирхийлэлд өртөж байгаа нь үнэн шүү дээ. Эмэгтэй хүн үнэхээр агуу.
–Найз бүсгүйтэй юу?
-Одоохондоо найз бүсгүй байхгүй.
-Хэзээ ч сонсоод уйддаггүй дуу гэвэл?
-Би бүх төрлийн дуу сонсдог. Харин хэзээ ч сонсоод уйддаггүй дуу гэвэл хөгжмийн зохиолч, дуучин John mayer-ын “i’m gonna find another you” дууг сонсох дуртай. Ялангуяа энэ дууг стресстсэн үедээ сонсч, тайвширлыг авдаг юм.
-Хамтлаг байгуулах уу?
-Хүний дуу хоолой хэзээ ч дахин давтагдашгүй шүү дээ. Дуучин болгон хоолойны өөр өөр тембртэй байдаг. Миний хувьд цаашид соло уран бүтээл хийх байх.
-Дуулахаас өөр авьяас бий юу?
-Бараг байхгүй ээ. Аман хуур хөгжим тоглодог. Чөлөөт бүжиг сонирхдог.
-Х.Ядам ийм даруухан зантай юм уу?
-Би ер нь даруухан, дуу цөөтэй хүн л дээ. Харин тайзан дээр гарахаараа тэс өөр Х.Ядам болчихдог.
-Цаашдын зорилго, хүсэл мөрөөдөл?
-Цаашдаа мөрөөдлөөрөө амьдарч, илүү олон сайхан уран бүтээл хийхийг зорьж байна. “The Voice” шоу маань дууслаа. Шоуны ялагч учраас маш том гэрээнд гарын үсэг зурж байгаа. Ирэх долоо хоногт шагналаа гардан авахдаа уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө задална.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ