Аавгүй өссөн хүн бүрийн аав Роб Кенни | News.MN

Аавгүй өссөн хүн бүрийн аав Роб Кенни

ХҮМҮҮС

Аавгүй өссөн хүн бүрийн аав Роб Кенни

Аавгүй өссөн хүн бүрийн аав Роб Кенни

᠌᠌Аавуудын хичээл заадаг ”Dad how do I?” Youtube суваг сүүлийн үед олны анхаарлын төвд ороод байна.

Вашингтоны Сиетл хотын ойролцоо амьдардаг 55 настай Роб Кенни анх өөрийн амьдралаас сэдэвлэн, залууст зориулан, аав хүний хүүхэддээ өдөр тутамд сургадаг энгийн хичээлүүдийг зааж өгөхөөр шийдэн өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх сувгийг нээжээ. Түүний бичлэгүүдэд хэрхэн зангиа зангидахаас эхлээд машины дугуй солих хүртэл олон "ажлыг" заадаг юм. Улмаар дээрх суваг хоёрхон сарын дотор 2.28 сая “хүүхэдтэй” болжээ. NEWS агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригийн "Хүмүүс" буландаа аавгүй өссөн хүмүүст туслагч Роб Кенниг онцоллоо.  

Тэрбээр сайхан сэтгэл, зөв санаагаараа хэдхэн долоо хоногийн дотор алдартан болсон билээ. Гэвч энэ бүхэн эхэндээ тун амаргүй байсан гэнэ. Учир нь түүний бичлэгийг үзсэн хүмүүс өөрсдийн туулсан амьдралын талаар гунигтай мессеж их явуулах болсонд Кенни их сэтгэлээр унасан байна. Харин дараа нь Кенни тэр бүх хүмүүст чадахаараа туслахын тулд улам шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн байна.

Кенни өөрөө маш хэцүү замыг туулан хүн болжээ. Тэрбээр Вашингтон мужийн Беллевид ах дүү наймуулаа өсчээ. Түүний ээж архины хамааралтай тул эцэг нь салахад, эцэг нь 12 настай Кенни болон бусад хүүхдүүдээ асран хамгаалахаар болсон байна. Гэвч удалгүй хоёр жилийн дараа эцэг нь хүүхэдтэй байхаас залхаж буйгаа шүүхэд мэдэгджээ. Энэ талаар Кенни “Шүүхийн шийдвэрээр тэр биднийг асран хамгаалахаар болсон. Гэвч үнэндээ аав биднийг хүсээгүй. Тиймдээ ч маш хурдан залхаж, биднийг бүрмөсөн голсон биз” хэмээн дурссан байна.

Бяцхан Роб Кенни болон тэрсхэн өссөн ах нар

Улмаар том ах 23 настай Рик нь түүнийг өөр дээрээ авсан аж. Тухайн үед Рик дөнгөж гэрлэсэн байсан тул тэдний амьдардаг жижигхэн кабин дотор Кеннид хангалттай орон зай байдаггүй байв.

Харин өдгөө тэрбээр 27 настай Кристин, 25 настай Кайл хэмээх үзэсгэлэнт хоёр охины аав. Анх аав болохдоо өөрийн эцэг шигээ байж болохгүй гэдэг анхааруулгыг өөртөө өгчээ. Энэ тухайгаа ”Би  залуу байхаасаа л өөрийнхөө аав шиг болохгүйн тулд бүгдийг анхнаас нь зөв хийнэ хэмээн шийдсэн” хэмээн Кенни дурссан байна. Хоёр ч хүүхдээ сайн хүмүүжүүлж, мундаг хүн болгож чадсан учир Кенни өөрийнх шигээ амьдрал туулж, алдаж эндэхэд ойрхон яваа “хүүхдүүддээ” аавынх нь эзгүй орон зайг дүүргэх аав нь байхаар зориг шулууджээ.

Роб Кенни болон түүний гэргий охиныхоо хурим дээр

Зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс эхэндээ түүний охин Кенни рүү байнга залгаж, хүний амьдралд тулгардаг жижиг, том бүх асуудлыг яаж зохицуулах талаар асуух болжээ. Энэ тухай “Охин маань үргэлж над руу залгаж олон зүйл асуудаг болсон. Тэр үед би ингэж асуух хүнгүй хүмүүст ямар хэцүү байдаг талаар дахин нэг эргэцүүлсэн юм” хэмээн Кенни ярьжээ. Тэрбээр охинтойгоо наргиж түүнд зааж өгдөг зүйлсээ жижиг бичлэг болгон хадгалж байх санаа гаргасан аж. Харин охин нь санааг нь ихээр дэмжиж, Youtube нээхэд нь туслаад зогсохгүй, аавынхаа тухай нүүр номдоо бичсэн байна.

Тэрбээр залуучуудад хэрэгтэй мэдлэг болох бичлэгүүдийг хийхээр бодож, төлөвлөдөг ч зав гардаггүй байжээ. Харин цар тахал дэлхий даяар дэгдэж, хүн бүр хөл хорионд орон гэртээ байх болсноор боломж гарч ирсэн аж.

Тэрбээр нэгэн маш алдартай болсон бичлэгтээ суултуурын ус зогсолтгүй татагдаад байгааг хэрхэн засах тухай зааж,  мөн хэрхэн биеэ зөв авч явах тухай зэрэг олон зөвлөгөө өгсөн нь  хүмүүсийн хайр, хүндэтгэлийг ихээр татжээ.

Кеннигийн ихэнх бичлэгүүд ахуйн асуудлуудтай холбоотой байдаг. Тиймдээ ч тэрбээр сүүлийн үед илүү хэцүү зүйлсийг өөрөө сурч, хүүхдүүддээ зааж өгөхийг хүсч байгаа гэнэ. Кенни үзэгчдээ миний хүүхдүүд гэж ярих дуртай. Тухайлбал, сүүлд нийтэлсэн “Аав нь чамаар бахархаж байна” нэртэй бичлэгт хүүхдүүдээ өөрийнхөөрөө байж, эрсдэл гаргахаас айхгүй байхыг зааж, зөвлөжээ.

Тэрбээр нэгэн сэтгүүлд “Миний амьдралын зорилго бол сайн хүн өсгөх. Сайн хүүхэд биш сайн хүн өсгөх. Учир нь миний хүүхэд нас хөгийн байсан” хэмээн ярьжээ. Түүний бичлэгүүд бүгд хүнийг тайвшруулах, итгэл найдвар төрүүлэх сайхан энергитэй байдаг. Түүнд нь ч үзэгчид бүгд ам сайтай байдаг аж. Тухайлбал нэгэн үзэгч “Үүнийг үзээд нулимс эрхгүй цийлэгнэж байна” хэмээсэн бол өөр нэгэн үзэгч “Би аавыгаа үгүйлдэггүй. Харин иймэрхүү зүйлсийг надад өөрөө зааж өгдөг сайн аавтай байж болох байсныг л их үгүйлж байна” хэмээн бичжээ.

Мөн Кенни “Аав байна гэдэг нь ердөө урдуур хойгуур гүйж, элдэв юм засахын нэр биш” хэмээгээд амьдралын хэцүү даваануудыг давахад туслах үнэтэй зөвлөгөө хуваалцжээ.

Хэрхэн сайн аав болох вэ?

Хамгийн чухал зүйл бол хүүхдүүдийнхээ өмнө өөрийн буруугаа хүлээн зөвшөөрдөг байх. Хэрвээ чи хүүхдүүдийнхээ өмнө төгс мэт харагдахыг хичээгээд байвал хүүхэд чинь эсрэгээр төгс бус талуудыг чинь хамгийн сайн анзаарна. Эндээс л аав, хүүхдийн хоорондох ихэнх үл ойлголцол үүсдэг аж. Хүүхдүүд чинь “Байзаарай, тэр яг л төгс юм шиг харагдахыг хүсч байгаа ч үнэндээ тийм биш юм байна. Тэр өөр юун дээр надтай ингэж жүжиглэж харьцдаг бол?” хэмээн бодно. Хүүхдүүд маш гярхай. Гэхдээ тэд дэндүү цайлган болохоор хэрвээ чи буруугаа хүлээж чадвал маш хурдан уучилдаг юм. Харамсалтай нь, бид тэгж чаддаггүй шүү дээ. Бидэнд бахархал гэж зүйл саад болоод байдаг” хэмээн зөвлөж байна.

Цаг барих нь маш чухал

“Цаг сайн барих нь нөгөө хүнээ хүндэлж буй хэрэг. Харин цаг барихгүй бол чи нөгөө хүндээ хүндлэгдэх нь юу л бол. Хэрвээ хүнд очно гэж хэлсэн л бол очсон байх хэрэгтэй. Цагтаа очиж амжихгүй бол тэрийгээ хэлдэг байх хэрэгтэй”

Ажилдаа хэрхэн амжилт гаргах вэ?

“Зарим зүйлийг бүтээхийн тулд чи хайрцагнаасаа гарч сэтгэх хэрэгтэй. Зүгээр суугаад, үүнээс өөр арга байхгүй ээ гэж бодох бол үнэндээ амархан. Харин чи өөрийгөө бусдаас өөр хүн байлгадаг тэр зүйлээ хий. Бүтээлч бай”

Сэтгэлийн шархаа хэрхэн тэсвэрлэх вэ?

“Би хоёр охиныхоо сэтгэл нь шархалсан үед үргэлж хажууд нь байсан. Үнэндээ цаг хугацаа бүгдийг эмчилдэггүй юм. Залуу насны гэнэн хайр сэтгэл… Бид бүгд л үүнийг тойрч биш туулж гардаг. Бид бүгд л сэтгэлдээ шарх авах үедээ энэ бол ертөнцийн төгсгөл хэмээн боддог. Ялангуяа чи ахлах сургуулийн, алдартай биш хүүхэд бол зарим зүйлс үнэхээр онцгүй санагдах болно. Гэхдээ тэсч чадвал тун удахгүй жинхэнэ амьдрал эхэлнэ гэдгийг санаарай”

Роб Кенни гэр бүл болон аавын хамт. Тэрбээр хожим аавыгаа уучилж, 2015 онд нас барах хүртэл нь дотно харилцаатай байжээ.

Одоо Кенни нэгэнт олдсон нэр хүндээ зөв зүйтэй ашиглаж, олон хүнд хичээлээрээ болон боломжтой бол санхүүгээр туслахын тулд бүтэн Пи-Ар баг хөлслөн ажиллуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-06-18 202.9.40.69

gaihaltai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж