Гондурасын ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандесийн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр өнгөрсөн Мягмар гаригт үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ “Би улсын ерөнхийлөгч, хариуцлагатай иргэний хувиар миний бие тийм ч сайнгүй байгааг мэдэгдэхийг хүсч байна. Өнөөдөр надад коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан мэдээллийг өглөө” хэмээн мэдэгджээ.
Эрнандес мөн мэргэжилтнүүд түүнд тайван байж, туслахуудынхаа тусламжтай ажлаа үргэлжлүүлэх боломжтой хэмээн хэлснийг тэмдэглэсэн байна. Тэрбээр коронавирусийн халдварын хөнгөн зэргийн шинж тэмдэгтэй байгаагаа мэдэгдээд, эм ууж эхэлснээс хойш биеийн байдал нь сайжирч буй талаар хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн хэлснээр, түүний гэргий болох тэргүүн хатагтай Ана Гарсия шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон бөгөөд түүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй аж. Мөн Эрнандесийн хоёр туслах эмчилгээ хийлгэж буй юм байна.
Цар тахал эхэлснээс хойш дэлхийд шинэ төрлийн колронавирусийн халдвараар 8 сая хүн өвчилж, 430 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ. Гондураст коронавирусийн халдварын анхны тохиолдол өнгөрсөн гуравдугаар сарын 11-ний өдөр бүртгэгджээ. Өдгөө 10 мянга гаруй хүн халдвар авч, 300 гаруй нь нас бараад байгаа аж.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ