Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн мэндчилгээ

Монгол ахан дүүс, хотол түмэндээ Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн, зарлан тунхагласны 104 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Монголчууд бид агуу түүхтэй ард түмэн. Хүннү гүрнээс эхтэй тусгаар тогтнолоо хүн төрөлхтөний хөгжлийн 21 дүгээр зуунд ч сахин хамгаалж оршин байгаа нь бидний бахархал билээ. Өнгөрсөн нэг, хоёр мянганд монгол түмний нуруунд жаргал, зовлонгийн буулга ялгалгүй үүрэгдэж байсныг түүхийн сурвалж, сударт үлдээснээс харж болно. Түүхийн сударт тэмдэглэснээс ишэлбэл бидний туулж өнгөрүүлсэн зам мөрийн хамгийн хатуу буулт 1636 оноос эхлэлтэй байдаг. Манжууд 1636 онд Өвөрмонголыг, 1691 онд Халх Монголыг, 1755 онд Баруун Монголыг эзлэн түрэмгийлснээр хоёр мянганы түүхтэй Монгол түмэн хоёр зууны турш харийн эрхшээлд орсон харамсалтай түүх бидэнд бий.

Харин хорьдугаар зуун бол монголчуудын хувьд бүхэлдээ Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн зуун байсан. 1900 оны эхэн үед Манжийн төр гүнзгий хямарч өнөөгийн Монгол, Хятад хоёр улс хоёулаа Манжийн дарлалаас гарахыг эрмэлзэж, тэмцэж эхэлсэн нь Монголын ард түмэн эрх чөлөөгөө олж авах эхлэл болсон. Улмаар бид урд хөршөөсөө түрүүлэн тусгаар тогтнолоо зарлан тунхагласан явдал нь Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал Монгол оронд өрнөж, улс төр нийгэм эдийн засгийн хувьд аль ч орноос хараат бусаар оршин тогтнох үндэс суурь нь болж чадсан байдаг. Түүхийн хэлээр өгүүлбэл Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарлаж Олноо өргөгдсөний он жилүүдийг эхлүүлсэн түүхэн үйл явдлыг тохиолдуулан наймдугаар Богд Жавзандамбыг хаан ширээнээ залж, түүний гэргий Дондогдулмыг Улсын эх дагинаар өргөмжилсөн түүхэн өдрийг бид тэмдэглэж байна. Богд Жавзандамбыг хаан ширээнээ өргөмжлөхдөө Шар ордонг Төрийн хэрэг эрхлэх газар болгож байсан нь өнөөгийн “Хүүхдийн урлан бүтээх төв” орчим гэдгийг бид мэдэхэд илүүдэхгүй.

Манжийн ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Түүх бол сургамж бас ухаарал байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол хүний эрх чөлөөтэй холбоотой энэ тэмцэлд олон зуун эх орончидын халуун амь эндэж, бүлээн цус урссан байдаг. Ийм түүхэн үйл явдлуудыг тэмдэглэж, баярлаад өнгөрөх бус дурсаж тэндээсээ сургамж авч улмаар ухааралд хүрч байх ёстой.

104 жилийн өмнөх энэ өдөр таван яам бүхий Засгийн газрыг байгуулж, “Улсын эрх” хэмээх эрх зүйн бичиг баримтыг боловсруулсан нь өнөөгийн Үндсэн хуулийн эх юм. Ер нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн үйл явдал нь зөвхөн тусгаар тогтнолоо сэргээн зарлах бус улс орноо дэлхийн чиг хандлагад нийцүүлэн өөрчлөн байгуулах үйл явцыг эхлүүлсэн түүхэн үйл явц билээ.

Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болсон билээ.

Монголын нийт ард түмэндээ Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

АРДЧИЛСАН НАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж