ОХУ-ын хилийн хурдны зам дээр өчигдөр (2020.6.16) олон зуун азербайжанчууд цагдаа нартай мөргөлджээ. ОХУ нь коронавирусийн халдвараас болж хилээ хааснаар азербайжанчууд нутаг буцах боломжгүй болсон аж.
Оросын мөрдөн шалгах хорооноос мэдээлснээр, Азербайжаны 400 орчим иргэн Дагестаны өмнөд хэсгээс нутаг буцахыг оролдож, хилийн харуулууд, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн байна. Тэд зам хаасан хилийн харуул, цагдаа нарын эсрэг чулуу шидэж, мөргөлдсөнөөр Оросын цагдаагийн долоон алба хаагч гэмтэж, автомашинууд сүйджээ. Танхайрч, мөргөлдөөн гаргасан 100-120 хүнийг баривчилсан аж. Мөргөлдөөний үеэр 50 орчим азербайжан хүн гэмтсэн байна.
ОХУ, Азербайжаны хилийн дундах Каспын тэнгисийн Куллар тосгоны гадна 700 орчим азербайжан хүн гацжээ. Хоёр орон коронавирусийн халдвараас болж хилээ хааснаар тэд сүүлийн хоёр сар майханд өдөр хоногийг өнгөрөөж байгаа аж.
Тэдний нөхцөл байдлыг өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Азербайжаны төрийн тэргүүн Илхам Алиевтэй хэлэлцсэн боловч хүмүүс нэмэгдсээр байгаа учир үр дүнд хүрээгүй байна. Хоёр орны хилээр долоо хоногтоо 100 орчим хүнийг л нэвтрүүлж буй ажээ.
Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Азербайжаныг 1991 оноос хойш Алиевын гэр бүл удирдаж байгаа юм. Тус улсын олон мянган иргэн ОХУ-д очин ажил хөдөлмөр эрхэлдэг байна.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES
Холбоотой мэдээ