Нүүрсний ордуудыг түшиглэн түлшний үйлдвэр байгуулах боломжтой

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Нүүрсний ордуудыг түшиглэн түлшний үйлдвэр байгуулах боломжтой

Нүүрсний ордуудыг түшиглэн түлшний үйлдвэр байгуулах боломжтой

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2020.06.17/ Туушин зочид буудалд эхлээд байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны тавдугаар сарын 1-ээс эхлэн гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Үр дүнд нь нийслэлийн агаарын бохирдол 50 орчим хувиар буурсан билээ.

Ингэхдээ сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг Сонгинохайрхан дүүрэгт байгуулж,  төвийн зургаан дүүргийн хэрэглээг хангаж буй.

Цаашид дагуул дүүргүүд, мөн аймгуудын агаарын бохирдлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. Эдгээр асуудлыг “Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэж, мөн эрдэмтэн судлаачид судалгаагаа танилцуулж буй юм.

Энэ үеэр Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер Ж:Батбилэг “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг орон нутагт байгуулах техник, технологи, менежмент” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлд дурдсанаар:

Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайтын ордуудыг түшиглэн тус аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Мандалговь хотын хэрэгцээг хангах 90 мянган тоннын хүчин чадалтай сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах нөөц бий.

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайг түшиглэн жилд 100 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах боломжтой. Уг үйлдвэр байгуулагдсан нөхцөлд Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын түлшний хэрэгцээг хангах боломж бүрдэнэ.

Дорнод аймгийн Адуун чулуун, Сүхбаатар аймгийн Талбулагийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн жилд 30 мянган тонн хагас коксжуулсан үйлдвэр байгуулах боломжтой гэдгийг дурдлаа.

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Мөн Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулахын тулд ямар зорилт тавин ажиллаж байгаа вэ гэдгийг Нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал танилцууллаа.

  •  2050 он гэхэд олон төвт хотын тогтолцоо бий болгоно. Хог хаягдлаас эрчим хүч гаргана. 2050 он гэхэд Улаанбаатар хаягдалгүй хот болно.
  • Газар дор багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээтэй болно. Өндөр хурдны тээвэр нэвтрүүлнэ.
  • Төрөлжсөн хөгжилтэй холбогдсон зорилгын хүрээнд дагуул хотууд бий болгоно. Амралт зугаалгын гэх мэтээр дагуул хотуудыг төрөлжүүлнэ.
  • Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд төвлөрсөн шугам сүлжээнд гэр хорооллын 70 хувийг холбоно. Инженерийн шугам сүлжээнд гэр хорооллын айлуудын 30 хувийг холбоно.
  • 2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулах түлшний үйлдвэрүүд байгуулан, түүхэн үр дүнд хүрлээ. Зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, хоёр дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүллээ.
  • Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийнэ. Тусгай замын өндөр хурдны тээвэр нэвтрүүлнэ.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ.
  • Зургаан дэд төвийг барж ашиглалтад оруулна. Баянхошуу дэд төв ашиглалтад орсон. Толгойт- Шархадны дэд төв 2023 онд ашиглалтад орно. Сэлбэ дэд төвд 1000 м куб багтаамжтай усан сан байгуулснаар олон мянган айлыг цэвэр усаар хангах боломж бүрдэв.
  • Нийслэлд яндангүй, нүхэн жорлонгүй бүс бий болгоно.
  • 9000 орчим айл орон сууцанд орлоо.
  • ДЦС 4-ийн үнсийг дахин боловсруулалтад оруулахаар ажиллаж байна.
  • Одоо 900 орчим автобус үйлчилгээнд явж байгаагийн 50 ХУВЬ нь ирэх онд үйлчилгээнээс хасагдана. Цахилгаан, эко, хоёр давхар автобусны нэг өдрийн шатахууны зардал нь 30 мянган төгрөг буюу ихээхэн бага байгаа. Иймд энэ автобуснаас 46 ширхгийг ойрын хугацаанд үйлчилгээнд гаргана.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи хамтран энэхүү хурлыг зохион байгуулж буй бөгөөд АНУ, Хятад, БНСУ, Япон, Канад, Орос зэрэг орны 16 байгууллагын 30 орчим илтгэгч нар мөн оролцож байна.

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж