БНАСАУ яагаад холбооны оффисоо дэлбэлэв?

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

БНАСАУ яагаад холбооны оффисоо дэлбэлэв?

БНАСАУ яагаад холбооны оффисоо дэлбэлэв?

Хоёр Солонгос 2018 онд хоорондоо шууд холбогдож байхаар тохиролцож, БНАСАУ холбооны оффисоо хилийн Каэсонг хотод байгуулж байсан билээ. Гэвч энэхүү оффис цар тахлаас болон нэгдүгээр сараас хойш ажиллаагүйн дээр өнгөрсөн долоо хоногт Ким Ё Жоны хэлсэнчлэн дахиж ажиллахааргүй болсон юм.

Мягмар гаригийн үдэш буюу өчигдөр(2020.06.16) БНАСАУ өмнөд хилийн цэрэггүй бүс рүүгээ цэрэг илгээнэ хэмээн заналхийлснээс хэдхэн цагийн дараа уг оффисыг дэлбэлэн нураажээ.

Энэ үйлдэлд БНСУ “Умардууд байдлыг улам хүндрүүлсээр байвал бид ч гэсэн хүчтэй хариу арга хэмжээ авахад бэлэн” хэмээн хариулсан байна. Мөн холбооны оффисыг бүрмөсөн устгасан явдлыг “Хоёр Солонгосын талаар хүн бүрийн итгэл найдварыг хамт нураалаа. Ийнхүү хоёр Солонгосын дотоод харилцаа, Солонгосын хойгийн энх тайван хутганы ирэн дээр ирлээ. Засгийн газар энэ бүхний хариуцлагыг умардууд өөрсдөө үүрэх ёстой гэж үзэж байна” гэж тодорхойлсон аж.

Каэсонг хот олон жилийн турш хоёр Солонгосын харилцааны бэлгэ тэмдэг болсоор ирсэн билээ. 2003 онд анх хоёр Солонгос голдоо Каэсонг аж үйлдвэрийн комплекс байгуулж байв. Улмаар 120 гаруй үйлдвэр байгуулагдаж, 50 мянга гаруй Умардын ажилчин, Өмнөдийн зуу зуун менежерт ажлын байр бий болгож байлаа.

Гэвч 2016 онд хоёр Солонгосын харилцаа муудаж, энэ бүх ажил зогссон бол 2018 онд хоёр Солонгос хоорондоо шууд холбогдож байхаар тохиролцон, тус хотод холбооны оффис байгуулж байсан аж. Ингэснээр хоёр талын эрх баригчид дайнаас хойш анх удаа шууд холбогдох боломжтой болж, аль аль талаасаа 20, 20 хүн ажиллуулж байсан юм. Гэтэл 2019 оны гуравдугаар сард АНУ, БНАСАУ-ын уулзалт бүтэлгүйтсэний дараа БНАСАУ тус оффисоо татан буулгана хэмээн мэдэгдэж байсан удаатай.

2018 оны хоёр Солонгосын уулзалтаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хэд хэдэн төсөл Ким Жон Унд танилцуулан, хамтарч ажиллахаа амалж байсан билээ. Гэвч Ерөнхийлөгч мүний төлөвлөгөөнүүд ирэх саруудад биелэхэд олон улсын болон АНУ-ын БНАСАУ-д тавьсан хоригууд саад болж байгаа юм.

2017 оноос хойш хоригуудыг цуцлуулах нь БНАСАУ-ын гол зорилго болж, БНАСАУ дэлхийтэй, БНСУ-тай, АНУ-тай таатай харилцаа тогтоож, 2018 оны Пёнчаны өвлийн олимпод (Ким Ё Жон анх олны өмнө гарч ирсэн) оролцож байлаа. Умардын энэ зорилго, үйл хэрэг 2019 оны сүүлд Пёньян үр дүнд хүрэхгүйгээ ойлгож эхлэх хүртэл идэвхтэй үргэлжилжээ. Ийнхүү хичээл зүтгэл нь үр дүнд хүрэхгүйг ойлгосон нь Ерөнхийлөгч Мүний амлалтын дагуу баригдсан оффисыг дэлбэлэх нэг шалтгаан болсон байж магадгүй юм. Цаашлаад холбооны оффисыг заавал дэлбэлж, сүр бадруулан нураах нь бэлгэдлийн чанартай үйлдэл байж болох юм.

Харин Ким Ё Жоны тайлбарласнаар, энэ бүх үл ойлголцол БНАСАУ-аас дүрвэгчид Ким Жон Уны дэглэмийн эсрэг ухуулах хуудас хил давуулан хөөргөсөн бөгөөд үүнийг зогсоох шаардлагыг БНСУ-ын засгийн газар биелүүлээгүйгээс болсон гэнэ. Пёньян энэ төрлийн хэргийг маш нухацтай авч үздэгийн нэг жишээ нь 2015 оны наймдугаар сард БНСУ-ын арми хилийн цэрэггүй бүсэд цагаан хоолойгоор ухуулгын нэвтрүүлэг цацсан нь маш том маргаан үүсгэж байсан билээ. Ийнхүү ухуулах хуудаснаас болж үүссэн үл ойлголцол бол БНАСАУ-ын хийж буй үйлдлүүдийн бас нэг том шалтгаан болж байна.

Ким Жон Уны дүү Ким Ё Жон сүүлийн жилүүдэд БНАСАУ-ын улс төрд чухал үүрэг гүйцэтгэх болж. Өмнө нь тэрбээр ахыгаа үг хэлж байхад хөшигний ард зогсож байдаг байсан бол одоо БНАСАУ-ын армийг удирдаж байна. Мөн өнгөрсөн жил тэрбээр анх удаа ахтайгаа хамт баллистик пуужингийн туршилтад оролцсон билээ. Харин энэ удаад холбооны оффисыг нураах ажлыг удирдан зохион байгуулсан нь түүний удирдлагыг улам бэхжүүлэх хүчин зүйл болж байна. Тэрбээр холбооны оффисыг дэлбэлснээрээ хоёр Солонгосын түүхэнд бараан үе эхлүүлж буйгаа тэмдэглэсэн байж магадгүй билээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж