Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэр гаргалаа

Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэр гаргалаа

НЭМЭЛТ 11:25 ЦАГ

Шүүгдэгч Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаанд Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Тиймээс улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн, түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг зургадугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товложээ.

Л.ЭРДЭНЭЧИМЭГИЙН БИЧЛЭГТЭЙ ХОЛБОГДУУЛАН Х.БАТ-ЯЛАЛТЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох шүүх хурал өнөөдөр (2020.06.17) болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ирүүлсэн байдаг.

Түүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тавдугаар сарын 8-нд товлогдсон цагаас хойш гурван удаа хойшлоод өнөөдрийг хүргээд байна. Хамгийн сүүлд тавдугаар сарын 29-нд өдөр товлогдсон шүүх хуралдаанд Х.Бат-Ялалтын бие өвдсөн гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өнөөдөр товлосон нь энэ юм.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж, 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод буй.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

1. Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

2.2. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн;

2.3. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус, тус заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж