НЭМЭЛТ: 20:20 ЦАГ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.
Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
ЗУРГАДУГААР САРД НИЙТ 1200 ИРГЭНЭЭ ТАТАН АВЧЭЭ
НЭМЭЛТ: 17:30 ЦАГ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг 17.48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 253 хүн ирж байгаа хэмээн УОК-оос мэдээлсэн байдаг. Зургадугаар сард нийт есөн удаагийн нислэг үйлдэхээс тав дахь удаагийн нислэг ийнхүү газардаад байна.
Дөнгөж сая мэдээлэл шинэчлэгдэж, Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 255 ирсэн гэх мэдээллийг албаныхан өглөө. Тус нислэгээр ирсэн иргэд Хойд Америк болон бусад улсуудаас БНСУ-аас дамжин эх орондоо ирээд байгаа юм. Онгоцонд Хилийн мэргэжлийн хяналтын хоёр улсын байцагч ажиллаж байгаа бөгөөд зорчигчдыг онгоцонд суухаас өмнө эрүүл мэндийн тандалт судалгааг авч, нислэгийн явцад хүмүүсийн биеийн байдлыг хянажээ.
Улсын байцаагчид сэжигтэй тохиолдлуудыг тусад нь ялгаж нисгэгч нарыг буулгасны дараа дээрх хүмүүсийг онгоцны хойд хаалгаар буулган ХӨСҮТ-д шилжүүлж өгөх юм. Тодруулбал, коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт бусад хүмүүсийг амралт, сувиллын газарт 21 хоног тусгаарлах юм. Дашрамд дурдахад, зургадугаар сард нийт 1200 иргэнээ татан авчээ.
СӨҮЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ ХӨӨРЛӨӨ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэг өнөөдөр (2020.06.17) 09.14 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус нислэгээр 253 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Дашрамд дурдахад, Засгийн газар, Улсын онцгой комиссоос тусгаарлах байрны нөөц боломжид тулгуурлан гадаад дахь иргэдээ татан авах ажлыг шат дараалан зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн.
- Тухайлбал, зургадугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө Австрали улс руу анх удаа онгоц хөөргөж, Сидней хотоос иргэдээ татан авчирсан. Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог. Уг нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 (нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн), Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 262 иргэн эх орондоо ирж, эмнэлгийн ажиглалтад байгаа юм.
- Зургадугаар сарын 10-нд Бүгд найрамдах Казахстан улсаас 184 хүн эх орондоо ирсэн юм.
- Зургадугаар сарын 11-нд Токиогоос бага насны хүүхэдтэй 52 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13 хүн, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, мөн 86 оюутан тус тус ирж, эмнэлгийн ажиглалтад ороод байна.
- Зургадугаар сарын 13-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Энэтхэг улсын Лао хотоос 229 ламхай, зургаан лам багш, зургаан иргэн багтсан бөгөөд тусгай үүргийн нисэх онгоц Лаос улсад гацсан 10 иргэнээ татан авчирсан юм.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
Цаашид зургадугаар сарын 18-нд Сөүл, зургадугаар сарын 19-нд Франкфурт хот руу тус, тус нислэг үйлдэх юм. Зургадугаар сард нийт найман нислэг үйлдэнэ гэж төлөвлөж байсан ч иргэдийн тоо их байгаа учраас нислэгийн тоог нэмж, энэ сарын 20-нд Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ авчрахаар транзит нислэг буюу дамжин нислэгийг Сөүл хот руу хийхээр болсон талаар УОК-оос мэдээлсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон. Энэ нь голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэхээр шийдвэрлэсэн. Энэ тусламжийг зургадугаар сарын 21-нд хүргэж өгөхөөр манай улсаас АНУ руу онгоц нисгэх бөгөөд уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 250-260 иргэн эх орондоо ирэх аж.
Э.БУРАМ