Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд зэрэг хийхээр УОК-ын шийдвэр гаргасан. Тиймээс бөхчүүд тус тусынхаа харъяа бөхийн дэвжээ, галдаа бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна. Сонгууль гээд томоохон цолтой ихэнх бөхчүүд нам, нэр дэвшигчдийн сурталчилгаанд хүчин зүтгэж байгаа ч бөхийн галуудын бэлтгэл, ирц тогтворжиж байна. Удахгүй бусад аймгуудын дэвжээ, хороодын бөхчүүд бэлтгэлдээ гарах биз ээ. Зарим аймаг, дэвжээдийн тухайд Монгол үндэсний бөхийн холбооноос бэлтгэл явуулах албан ёсны чиглэл, зөвлөмж хүлээж байгаа аж. Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ тал дээр дорвитой шийдвэр гаргаагүй байна.
Энэ жил бөхчүүд төв цэнгэлдэхэд бус "13-р зуун" байгалийн цогцолбор газрын төв талбайд зодоглох юм.
"Увс нуур болон Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Харзтайн аманд гарсан байна
Жил бүрийн үндэсний их баяр наадмын өнгийг тодорхойлдог “Увс нуур” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Б.Ганбат дасгалжуулж, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Ганбат, улсын арслан П.Бүрэнтөгс мөн саяхан бэртэл нь бүрэн эдгэрсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын заан Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд 1998 оноос хойш наадмын бэлтгэлээ базааж буй Харзтайн амны амралтын баазад бэлтгэлдээ гарчээ.
Тэдэнтэй хамт Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах "Хас Өргөө" амралтын газарт дөрөв дэх жилдээ гарчээ. Энэ жилийн бэлтгэлд улсын заан Д.Одгэрэл дасгалжуулагчтай аймгийн хурц арслан К.Ханатаар ахлуулсан улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек тэргүүтэй 40 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.
Алдар спорт хороо болон "Таван-Хан" дэвжээний бөхчүүд Сэлэнгэд бэлтгэлдээ гарчээ
Алдар спорт хорооны бөхчүүдийг Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, тус хорооны харъяа улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд Сэлэнгэ аймгийн Тавантолгой хэмээх газар сэргээлтийн бэлтгэлдээ гарчээ. Харин 21 насандаа үндэсний баяр их наадмаар цахиур хагалж Монгол улсын начин цолны эзэн болсон Б.Орхонбаяр тэргүүтэй Сэлэнгэ аймгийн “Таван-хан” дэвжээний бөхчүүд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд наадмын бэлтгэлдээ гарчээ.
"Бөх билэгт" болон Их Богд дэвжээний бөхчүүд нутагтаа гарчээ
Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын харцага Д.Батболд ахалж, улсын цолоо ахиулах боломжтой улсын харцага Н.Золбоо, туршлагатай улсын начин Ж.Чулуунбат тэргүүтэй 20 гаруй бөх Баянхонгор аймгийн Номгон хайрхан, Түйн голд бэлтгэлд гарсан байна.
Хүчтэний өлгий Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийг Улсын гарди Д.Рагчаа удирдан явуулж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч тэргүүтэй бөхчүүд нутагтаа наадмын бэлтгэлдээ гарчээ.
"Сүлд спорт хороо" болон "Их Монголын хүчтэн" дэвжээний бөхчүүд Төв аймагт
ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны хүчтэнүүдийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахалж, жилээс жилд түрүү, үзүүрт яригддаг улсын арслан Ц.Содномдорж болон улсын харцага Т.Баасанхүү зэрэг тэргүүтэй бөхчүүд Улаанбаатар хотоос 30 км зайд орших “Төр хурах” амралтын бааз дээр бэлтгэлдээ гарчээ.
Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй бөхчүүд ахлан Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байна. Энэхүү галд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд багтжээ.
"Даян" болон "Ховд" дэвжээний бөхүүд бэлтгэлдээ хараахан гараагүй байна
“Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Ховд аймгийн “Ховд дэвжээ”-ний бөхчүүд одоогийн байдлаар хараахан цугларалтад гараагүй байгаа аж. Энэ тухай Монгол Улсын харцага Н.Батзаяагаас тодруулахад “Манай нутгийн бөхчүүд цугларалтад гараагүй л байна. Магадгүй гарахгүй ч байх” гэв.
Холбоотой мэдээ