Ногоон навчис сэрчигнэж, өнгө өнгийн цэцгийн мандал дэлбээлж аль хэдийнэ зун цаг иржээ. Дулааны улирал эхэлж, аялал зугаалгын цаг ирж байгаа энэ үед иргэд амралт, рашаан сувилалд, хүүхдүүд зуслан явах нь ихэсдэг. Энэ жил коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүүхдийн зуслан ажиллах эсэхийг тодруулж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуултай ярилцлаа.
-Коронавирусийн халдвараас болж хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед хүүхдийн зуслангууд ажиллах уу?
-Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг энэ сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Цаашид хорио цээрийн дэглэм цуцлагдвал хүүхдийн зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаж урсгал засвар, тохижилтын ажлаа хийсэн.
Магадгүй УОК-ын шийдвэрээр хөл хорио сунгагдвал дээрх зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх тайлбарыг удирдлагуудаас нь хэлж байгаа. Бид яагаад хүүхдийн зусланд илүүтэй анхаараад байна вэ гэхээр ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслангийн ард хувийн аж ахуйн нэгж компаниуд бий. Тиймээс ч хөл хорионы улмаас эдийн засгийн уналтад орсон хувийн хэвшлийнхний санал бодлыг сонсох нь зүй ёсны хэрэг.
–Зусланд амрах хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт амраах саналыг танайхаас Монголын зуслангийн холбоонд тавьсан гэж сонссон. Тус холбооноос хэрхэн хүлээж авсан бэ?
–Монголын зуслангийн холбоотой ярилцаад гэр бүлээр нь амраах үйлчилгээг санал болгохоор болсон. Хөл хорионы үед Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар хамгааллын дэглэмийг баталсан. Үүний дагуу ажиллахад багагүй хүндрэл учирч байгаа.
Тухайлбал, хүмүүсийг олноор нь цуглуулахгүй, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх шаардлага тавьсан. Энэхүү шаардлага нь хүүхдийн зуслангийн үндсэн үйл ажиллагааг шууд өөрчлөхтэй холбоотой учир ажиллах боломжгүй болчхоод байгаа юм.
Тиймээс хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулъя гэж ярилцаж байна. Зуслангуудын удирдлагуудын зүгээс нааштай хүлээж аваагүй. Учир нь зуслан үйл ажиллагаа явуулахад багагүй өртөг зардал гарна. Мөн эцэг, эх нь хүүхдүүдтэйгаа хамт ирсэн тохиолдолд эцэг, эхчүүдэд зориулсан хөтөлбөр нь юу байх вэ, төлбөрөө төлөөд зусланд хамрагдах гэр бүл бодит амьдрал дээр хэд байх бол зэрэг асуудал их байна.
Зуслангууд халдвар хамгааллын дэглэм баримтлахад тодорхой зардал гарна. Энэ зардлаа дараа нь нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь хүүхдийн зуслангийн үнэ 180-380 мянган төгрөгийн хооронд байдаг.
Зуслангуудын хувьд мөнгө санхүү тогтвортой ажиллагаатай холбоотой хүндрэлүүд их тулгарч байна. Ямартай ч бидний зүгээс Монголын зуслангийн холбоотой хөл хорио сунгах эсэхийг харгалзан нэг шийдвэрт хүрэхээр ярилцсан. УОК-ын шийдвэр яаж гарахаас хамааран хүүхдийн зусланг өөр хэлбэрээр ажиллуулах, эсхүл ажиллуулахгүй өнжих гэсэн сонголт л байна даа.
–Яагаад эцэг, эхтэй нь хамт амраах саналыг дэвшүүлсэн юм бэ?
-Эрүүл мэндийн сайдын гаргасан нийтлэг болон тусгай шаардлагаар гэр бүлийн зориулалттай бол үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Хүүхдүүд 7-10 хоногийн хугацаанд зусланд амардаг. Энэ хугацаанд ээж, аавтайгаа хамт олон хүнтэй уулзаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр амрах боломжтой. Гэхдээ энэ зөвхөн санал төдий зүйл. Уг саналыг боловсруулж дуусаад УОК-т танилцуулна. Тус комиссоос тодорхой шийдвэр гаргах ёстой.
ЭМД-ААР СУВИЛЛЫН ГАЗАРТ 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ
Улсын хэмжээнд даатгалын гэрээ бүхий 58 рашаан сувилалд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргал онцолсон юм.
–Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан рашаан сувиллаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгддэг. Харин иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар даатгалын сангаас хэчнээн төрлийн хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл багатай байдаг. Тиймээс энэ талаар тодруулгаа эхэлье?
–Даатгуулагч иргэн жилдээ хоёр сая хүртлэх төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй. Тодруулбал, хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээ, уламжлалт эмчилгээ, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт, өрхийн эрүүл мэндийн төвийн дөрвөн төрлийн тусламж үйлчилгээ зэрэг арав гаруй тусламж үйлчилгээг даатгалын сангаас санхүүжүүлж байна.
Сувиллын тухайд 2020 онд нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 34 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байна.
Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.
-Энэ жил гэрээ байгуулсан 58 рашаан сувиллын газрыг сонгосон гэлээ. Гэрээ байгуулахдаа ямар шалгуур үзүүлэлтийг хардаг вэ?
-Тус газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх, магадлан итгэмжлэгдсэн байх, орны тоо 15-аас дээш байх зэрэг шалгуурын харгалзан сонгон шалгаруулсны үндсэн дээр гэрээ байгуулдаг.
-Эрүүл мэндийн даатгалтай иргэн рашаан, сувиллаар үйлчлүүлэхдээ хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?
–Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг.
Өнгөрсөн оныг хүртэл сувиллын тусламж үйлчилгээг 110 мянган төгрөгөөр тооцдог байсан бол 2020 оны хоёрдугаар сараас эхлэн 250 мянган төгрөгөөр санхүүжүүлэх болсон.
Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно.
-Та ярианы эхэнд иргэд хоёр сая төгрөгт багтаан хүссэн үйлчилгээг хэдэн ч удаа авах боломжтой гэсэн. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр иргэд жилд хэдэн ч удаа сувилалд хэвтэн эмчлүүлэх боломжтой гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Өөрөөр хэлбэл хоёр сая хүртэлх төгрөг нь дуусаагүй бол хэдэн ч удаа хэвтэн эмчлүүлэх боломжтой.
-Насны хувьд ?
-Даатгалд хамрагдсан бүх насны иргэд хамаарна.
–Эрүүл мэндийн даатгалтай иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн үйлчлүүлэх вэ?
–Хэвтэн эмчлүүлэхийг хүссэн даатгуулагч харьяа дүүргийн эмнэлгийн байгууллагаас сувилалд илгээх бичиг, холбогдох шинжилгээнүүдийг бүрдүүлэн очиход болно.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ