Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорино

Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорино

НЭМЭЛТ: 15:15 ЦАГ 

Шүүх хурал 14.10 цагт эхэлж дөнгөж сая дууслаа. Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулах санал тавьсныг шүүх хүлээн авчээ. Улмаар шүүх хурлыг зургадугаар сарын 26-ны өдөр товлосон байна. Н.Номтойбаярын өмгөөлөгч нар түүнд авагдсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасан ч шүүх хүлээн авахаас татгалзжээ.

МОНГОЛД ХУУЛЬ ЁС НЭГ МӨР ХЭРЭГЖИХГҮЙ БАЙГААГИЙН ИЛРЭЛ НЬ ЭНЭ ХЭРЭГ БОЛЖ БАЙНА

Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.МАНДАХ:

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шүүх авч хэлэлцэхгүй юм байна. Учир нь дарааийн шүүх хуралдааныг сонгуулийн дараа буюу зургадугаар сарын 26-ны өдөр товлолоо. Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярыг суллах боломжгүй гэсэн хариуг өгч байна. Монголд хууль ёс нэг мөр хэрэгжихгүй байгаагийн илрэл нь энэ хэрэг болж байна. Шүүх Сонгуулийн Ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг баривчлах зөвшөөрөл авах ёстой байсан ч сонгуульд нэр дэвшигч сонгууль дуустал хоригдох болчхоод байна. Сонгуульд нэр дэвшинэ гээд үнэмлэхээ аваад, сонгуульд биечлэн оролцох боломжийг шүүх хязгаарлах эрхтэй юу гэдэг дээр үндсэн маргаан үүсч байна.

Хэрэг шүүхэд шилжсэн цагаас  хойш Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан гэх үндэслэлээр шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөгчийг дарамталсан гэх баримт байгаа бол нээлттэй тавь л даа. Хэрэв бичлэгийг нь тавих эсэх асуудал хөндөгдвөл Н.Номтойбаярын гар утсыг чагнасан гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хоёр хүний харилцсан асуудлыг нэг нь нөгөөхөө дарамталсан гэж үзэж болохгүй. Мөн Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтын явцад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Гэхдээ энэ байдлыг өмгөөлөгчид бид үгүйсгэж байгаа. Н.Номтойбаяр тухайн үед сайдаар ажиллаж байх хугацаандаа хууль  тогтоомжийн дагуу шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгт өгч байгаа төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулахдаа банкны хүүгүйгээр буюу банкаар дамжуулалгүй өгсөн гэдэгт  улсын яллагч нар Н.Номтойбаярыг буруутгаад байгаа. Энэ хэрэгт хохирол төлбөрийн асуудал байхгүй. 2017 онд Н.Номтойбаяр гэсэн огноотой гарын үсэгтэй  тушаал, 2019 онд гаргасан С.Чинзориг сайдын тушаал яг адилхан. Үг үсэг, өгүүлбэрийн ямар ч ялгаагүй. Ийм нөхцөл байдалд хүнийг буруутгаж болох юм уу гэдэг асуудлаар өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж байна.

Н.НОМТОЙБАЯРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 14:10 ЦАГ

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.

Н.НОМТОЙБАЯРЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр (2020.06.17) 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ.

Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьдчилан хорих 461-р ангид саатуулах шийдвэр гарч, дараагийн шатны шүүх хурлын товыг энэ сарын 26-ны өдөр зарлаад байсан.

Н.Номтойбаярыг мөрдөн байцаалтад саад учруулж, мөрдөгчийг дарамталсан гэх баримтад үндэслэн шүүхээс саатуулах шийдвэр гаргасан билээ.

Шүүхээс хурлын товоо наашлуулж, зургадугаар сарын 11-ний өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. Өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, түүнд болон бусад шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн шийдвэрлэсэн билээ.

Энэ хооронд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвшигчээр батламжилж, үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир гардан авч, сонгуулийн сурталчилгааны ажлыг нь явуулж байна.

Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтын явцад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан билээ. 

"СОНГУУЛЬ ДУУСТАЛ Н.НОМТОЙБАЯРЫГ ГАРГАХГҮЙ ЮМ БАЙНА"

Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах зургадугаар сарын 11-ний өдөр болсон шүүх хурлын дараа “Шүүхээс Н.Номтойбаярт мөрдөгчийг дарамталсан гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгчтэй утсаар ярилцсан энэ үйл байдал өөрөө мөрдөгчийг дарамталсан гэсэн нотлох баримт болдоггүй. Ийм учраас шүүхийн шийдвэр эргэлзээтэй, үндэслэлтэй бус байдлаар гарсан гэж үзэж байна. Надад нэг итгэл үнэмшил төрж байна. Сонгууль дуустал Н.Номтойбаярыг  гаргахгүй юм байна. Энийг би шулуухан хэлчихье” гэсэн юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
10
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж