Улсын наадмыг Ерөнхийлөгчийн наадам болгов уу?

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Улсын наадмыг Ерөнхийлөгчийн наадам болгов уу?

Улсын наадмыг Ерөнхийлөгчийн наадам болгов уу?

Төрийн их наадмын соёлын арга хэмжээг “Херо”-гийн Б.Баатар найруулах болсон тухай мэдээлэл цацагдаад байсан ч Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос цуцалжээ.

Сovid-19 цар тахлаас сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм байх. Халдвар дотоодод тархвал наадам ч цуцлагдах эрсдэлтэй тул соёл урлагийн арга хэмжээг цуцалсан нь буруудах ч юу байх билээ.

Гэхдээ энд анхаарал хандуулахаас аргагүй нэг асуудал байгаа нь үндэсний бөхийн барилдаан, сур шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг Хүй долоон худагт, төрийн хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн явдал юм.

“Херо”-гийн Б.Баатар төрийн наадмын нээлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгын “XIII зуун” байгалийн цогцолборт газарт зохион байгуулах санаачилга гаргасан юм шиг байна гэдэг дуулиан дэгдэхэд л олон нийт дургүйцэж, ардын наадмыг Ерөнхийлөгчийн наадам болгож, явцууруулан утга учрыг нь алдагдуулах ёсгүй шүү гэдэг санал шүүмжийг өрнүүлж эхэлсэн. Гэтэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооныхон сөрсөн базаа хийж буй бололтой, “XIII зуун” байгалийн цогцолборт газрыг сонгосон байх юм.

Ерөнхийлөгч тулгав уу, эсвэл Засгийн газар өөрсдөө санаачлага гаргав уу. “XIII зуун” байгалийн цогцолборт газрыг сонгосон нь ямар учиртай вэ.

Хэрэв энд хийхгүй бол Ерөнхийлөгч улсын наадмыг үзэхгүй гээд уурлаад байгаа юм уу, эсвэл энд өөр шалтгаан байна уу.

Наадам хийх газаргүй бол бэлтэй төрийн томчуудынхаа аялал жуулчлалын баазад мөнгөө төлөөд хийхээр болж гэж бодохсон. Гэтэл бас ч үгүй нийслэлийн хөрөнгө оруулалттай Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг гээд хоёр ч газар байна. Хэдэн жилийн турш эдгээр газарт татвар төлөгчдийн мөнгийг цацаж, сандал суудал нэмж байршуулахаас эхлээд автозамыг нь сайжруулах, автомашины зогсоол нэмж барих зэргээр цаг үргэлжид тордсоор ирсэн. Гэтэл өнөө жил юу нь болохгүй, хэн нь хатгасан юм бөх барилдах газар, сур харвах газар нь гологдоод эхлэх нь тэр.

Наадам зохион байгуулахад жил бүр төсвөөс хөрөнгө гаргадаг. Өнгөрсөн жил зөвхөн наадмын нээлт, хаалтыг хийхэд зориулж гаргасан зардал 2.9 тэрбум төгрөгөөр батлагдаж байв. Өнөө жил соёл урлагийн арга хэмжээг цуцалсан ч бөх барилдаж, морь уралдан, сур харваад эрийн гурван наадмаа хийх тул тодорхой зардал гарч л таарна. Тэр нь өнөөх л хэдэн татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Гэтэл татвар төлөгчдөөс бүрдүүлсэн мөнгөнөөс заран, заран Ерөнхийлөгчийн шошготой цогцолборт бөхөө барилдуулж, сурчид сураа харвах нь.

Нэг үгээр хэлбэл, цар тахал нэрийн доор ихэс дээдэс нь “XIII зуун” байгалийн цогцолборт наадамлаж, бөхөө үзэн, сураа харваад, ард олон нь телевизээр үзэх нь л дээ. Ингэж наадам зохион байгуулахгүй ээ, эрх баригчид аа.

Цаг үе нь хэцүү, цар тахлаас сэргийлэх нь зүйн хэрэг ч Монголын тулгар төр байгуулагдсаны 2000 жилийн түүх, Ардын хувьсгал ялсан 99 жилийн ойг дээдэс нь “XIII зуун” байгалийн цогцолбор газарт, ард олон нь гэртээ тэмдэглэж явцууруулах юм бол наадам хийхийн хэрэг юусан билээ.

Зарим нэг нь Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан дээрх шийдвэрийг олны хөлөөс дайжсан нэг ёсны цар тахлаас сэргийлсэн арга хэмжээ гэж зөвтгөж байна.  Гэвч уучлаарай, монголчууд ухамсартай ард түмэн. Цар тахал дэлхий дахинд дэгдсэн үеэс өнөөдрийг хүртэл дэглэм барьж, төрөөс гаргаж буй шийдвэрийг дуулгавартай дагаж буй.  Харин цар тахлаар далимдуулж, ихэс дээдэс нь Улаанбаатар хотоос 90 гаруй км газарт “XIII зуун” байгалийн цогцолборт наадамлаж, "тансгалдаг", ард иргэд нь телевизээ үзээд наадамлах нь шударга бус байна.

Яагаад гэвэл энэ тохиолдолд улсын, ардын наадам бус Ерөнхийлөгчийн наадам болж, утга агуулга нь жижгэрнэ  гэсэн үг. Ерөнхийлөгчид нэг нэр хоёр хоч зүүлгэж байхаар үндэсний бөхийн барилдаан, сур харваагаа Төв цэнгэлдэх хүрээлэндээ зохион байгуулж, өмнөх жишгээ дагана уу.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж