Хил хамгаалах ерөнхий газрын баруун урдах талбай өмнө нь хогонд дарагдсан, улаан шороо эргэсэн газар байсан бол өнөөдөр олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай болжээ. Тоглоомын талбайд хүүхдүүд инээлдэж, залуус хөлбөмбөг тоглож угтав.
Хотын захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар өнөөдөр /2020.06.16/ уг хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ талбайг УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар байгуулсан гэдгийг оршин суугчид хэлж байв.
Нийт 1.8 га талбайд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, теннис, гар бөмбөг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн талбай, уртын харайлт болон гүйлтийн зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, авто зогсоол, үзэгчдийн суудал, төвлөрсөн бие засах газар, хашаа, хамгаалалтын байр, ногоон байгууламжийг иж бүрнээр нь байгуулжээ. Одоо гартааман замаас бусад тохижилтын ажил бүрэн дууссан гэдгийг албаныхан танилцууллаа.
“НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 158 НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ХОТ БУЦААН АВСАН”
“Анх улаан шороо эргэсэн, хог дүүрчихсэн, хүүхдүүд бөмбөг барьчихсан яахаа мэдэхгүй гүйж байсан. Тэднээс “Энд тоглоомын талбай байгуулбал яах уу” гэсэн чинь “Өөр тоглоомын талбай орох гээд явж байна” гээд гурван жаал алхаж явсан. Өнгөрөгч 2019 онд тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авсан. Энэ спорт талбайн ажлыг “Монгол менежмент” компани өнгөрсөн жилийн аравдугаар сард эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг анх УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санаачилж, энэ талбайг байгуулахад маш сайн хамтран ажилласан.
Цаашдаа дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Төв талбайд цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Одоо Баянхошуу уулын бэлд 3.8 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Тахилт, Цагдаа толгой, Хан-Уул дүүрэг гэх мэт газруудад ногоон байгууламж, мөсөн ордон байгуулж байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт усалгаатай ногоон байгууламж, аюулгүй хүүхдийн тоглоомыг байгуулах болно. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ нээх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 158 нийтийн эзэмшлийн газрыг хот буцаан авч, тохижуулсан. Үүнд 16 эмнэлгийн гадна талбай, гурван эмнэлгийг нисдэг тэргийн зогсоолтой болгож өгсөн” гэв.
Монголын хөлбөмбөгийн “Хоромхон” багийн тамирчин Б.Төгөлдөр хүү гуравдугаар ангиасаа хөлбөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр өмнө нь хөлбөмбөгийн стандартын талбай байдаггүйгээс зааланд бэлтгэл хийх юм уу, гадна талбайд бэлтгэлээ хийдэг байсан. Харин одоо стандартад нийцсэн том талбайтай болж байгаад маш их баярлаж байгаагаа хуваалцсан юм.
Б.САРАНЧИМЭГ: “БАЯНЗҮРХ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛНА
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй тойрогтоо хийж, хэрэгжүүлэх ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэн хийж бүтээсэн ажлынх нь үргэлжлэл өнөөдөр ашиглалтад орох гэж байна. Нийслэл хотын хэмжээнд хамгийн том талбайтай спортын талбайг байгуулах санаачлагыг анх хэрхэн гаргаж байв?
-Эх орны хөгжил гэдэг бол хөрсөнд нь ургуулж, цэцэглүүлсэн үр хойч үедээ үлдээж буй үйл хэрэг гэж боддог. Тэр утгаараа өөрийнхөө үйл хэргийг бүх салбар дахь ногоон хөгжлийн төлөө, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг сайжруулахын төлөө хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ирсэн. Өнөөдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд анх санал санаачлага гаргаж байсан ажил маань бодит биелэлээ олсонд баяртай байна. Биднийг дэмжиж ажилласан Хотын даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Анх энэ талбай хог хаягдлаар дүүрсэн байсан. Иргэд маань анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдох гэж байхад надад санал тавьж, үүний төлөө чамгүй хүчин зүтгэл гаргасныг минь Хотын дарга онцлон хэллээ. Аливаа ажил хамтын бүтээл байдаг. Бид хамтдаа өнөөдөр иж бүрэн спортын талбайг байгуулаад байна.
Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Энэ үед нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа. Тэр утгаараа МАН-ын мөрийн хөтөлбөрт “Баянзүрх” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санал тусгагдсан байгаа. Энэ ажлаа бодит ажил болгохын төлөө өөрөө хичээн зүтгэнэ. Цаашдаа иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэсээр байх болно. Анх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад зарим хүмүүс “Энэ бүтэхгүй төсөл” гэж маш их шүүмжилж байсан. Эргээд би ажлаа хүлээлгэж өгөхөд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж өгч чадсандаа баяртай байдаг.
-Бүтээн байгуулалтын ажил гэхээр өндөр шилэн барилга гэж ойлгох нь бий. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг хийхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?
-Миний хувьд IT инженер мэргэжилтэй хүн. Анх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг авахдаа л зөв эхлүүлж, зөв төлөвлөлттэй явах ёстой гэж бодсон. Тэр ч утгаараа төлөвлөлт эвдэгдэхгүй байх ёстой. Өнөөдөр төлөвлөлт алдагдаад явж байгаад харамсч, дуу хоолойгоо хүргэж, аль болохоор дэмжээд явж байна.
-Таныхаар ирээдүйн Улаанбаатар хотыг төсөөлбөл?
-Ер нь улс орнуудын судалгаагаар “Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана байдаг вэ” гэхээр ногоон байгууламж олон, цэцэрлэгт хүрээлэнтэй орны хүмүүс аз жаргалтай, амар амгалан байдаг гэж судалгаа гаргасан байдаг. Тиймээс ирээдүйн Улаанбаатар хот, Монгол Улс маань зөв төлөвлөлттэй, ногоон байгууламжтайгаар хөгжөөсэй гэж хүсдэг.
“СПОРТЫН ТАЛБАЙН ГАЗРЫН МАРГААН СҮҮЛИЙН 20 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН”
“Манай спорт сонирхогчид болон нийслэлчүүд хуучнаар “15-ын талбай”-г сайн мэднэ. Энэ спортын талбайн газрын маргаан сүүлийн 20 жил үргэлжилсэн. Өнгөрсөн жил НЗДТГ-т спортын талбай байгуулах зураг төслийг нь танилцуулж, газрын асуудлыг нь шийдэх хүсэлтийг гаргасан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засаг даргын захирамжаар хөрөнгө мөнгийг нь шийдээд, олон улсын стандарт бүхий цоо шинэхэн талбай үүдээ нээхэд бэлэн болсон байна. Энэ талбайд хүүхэд, залуус хэзээ ч тоглож болно.
Энэ бүтээн байгуулалтын ажил нийгэмдээ тустай, зөв зүйтэй ажил. Өнөөдөр хүүхдүүд гэрээсээ гараад тоглох талбайгүйгээс утас, компьютер тоглож донтох болсон. Гэтэл ирээдүйн хүүхдүүдэд аюулгүй, эрүүл өсч, торних орчныг нь бүрдүүлбэл гэмт хэргийн тоо ч буурна шүү дээ. Тиймээс цаашдаа ийм сайхан талбайг олныг байгуулж, хөрөнгө оруулаасай гэж хүсч байна” хэмээн “Мөрөөдлөө асаа” төслийн санаачлагч, спортын сэтгүүлч Э.Амарсайхан хэлж байв.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ